Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.


-2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна.

-Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна.

-Мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.

-Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна.

-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Дээрх зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

-Цаашид малчдын орлого, амьжиргаа, амьдралын чанар сайжирсан, байгаль орчинд ээлтэй, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход дараах асуудлуудад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, малчдынхаа орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мал аж, ахуйн салбарын хөгжлийн нэг суурь асуудал нь малчдын орлого, нийгмийн баталгааг хангах асуудал юм.

-Эн тэргүүнд малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд анхаарах ёстой.

-Төр, засгаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн нь иргэдийн амьжиргааг дэмжих нэг чухал алхам болсон төдийгүй малчид таван жилээр эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломж бүрдээд байна. Цаашид тэтгэврийн зөрүүг бууруулах, малчдыг эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт тогтмол хамруулах, тэдний хүүхдийн сургуульд орох нас, дотуур байрны хүртээмж зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох яам, төр, захиргааны байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top