Д.Амарбаясгалан: Парламентын засаглалыг дархлаажуулах тал дээр туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.10.25/ Монгол Улсад айлчлал хийж буй ХБНГУ-ын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн дарга Р.Мютценихтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлал өндөр ач холбогдолтой болсныг онцолж, манай улсад хийж буй айлчлалын хүрээнд социал демократ улс төрийн намууд хамтран ажиллах нь чухал гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Тэрбээр "Эрх баригч намын хувьд хүний эрхийн дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна. Тиймээс ХБНГУ-ын Социал демократ намтай хамтран ажиллаж, залуус, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг дархлаажуулах тал дээр туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

ХБНГУ-ын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн даргын зүгээс Монгол Улсыг бүс нутагтаа “Ардчиллын гэрэлт цамхаг” гэж тодотгож, нэг үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүд нийгмийн тэгш бус байдлыг арилгахад хамтран ажиллах нь гол зорилго гэдгийг дурдлаа. Онцгойлон Герман улсын хувьд түүхий эдээ олон улсаас авах сонирхолтой бөгөөд энэ нь Монгол Улсад зохистой хөдөлмөрийн ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр хэллээ.

Хоёр талын уулзалтаар социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намууд хамтран ажиллаж, хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгох, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, нийгмийн сайн сайхны төлөөх нийтийн эрхийг хамгаалах зохицуулалтыг хуулиуддаа тусган ажиллах нь чухал гэдэг дээр санал нэгдлээ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top