Засгийн газрын Авто баазыг цомхотгож, төрийн өмчит ААН болгон өөрчиллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Нийт 21 асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын авто баазын шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн авто тээврийн хэрэглээг хязгаарлаж уг хуулийн хүрээнд Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоол гарсан. Засгийн газрын Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөх зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад Засгийн газрын Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн чиглэлийг өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. 

Засгийн газрын Авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газар нь 160 гаруй тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтантай. Жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо цаашид 100 авто машинтай, 105 ажилтантай аж ахуйн тооцоо дээр үйл ажиллагаагаа явуулдаг төсвөөр санхүүждэггүй байгууллага болж байна. Орон нутагт томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэйгээр байгуулагдаж байна. Авто баазыг олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах чиглэлийг Засгийн газраас өгсөн" гэлээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top