Д.Амарбаясгалан: Э.Одбаярыг Ерөнхий сайдын хамаарал бүхий хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр шүүсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2022.11.08/ “No war” хөдөлгөөний Э.Одбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, нэг жил хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосон билээ. 

Тэгвэл дээрх асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" хэмээн цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top