Архангай аймгийн Засаг даргад В.Мөнхбатыг нэр дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09
Архангай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш хоёр долоо хоног өнгөрсөн боловч өнөөг хүртэл аймгийн ИТХ ирц хүрэлцээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байсан юм. Тэгвэл өнгөрөгч өдрийн 17.50 цагт 51.2 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн удирдлагыг сонгох тухай ярилцсан байна. Тодруулбал, өчигдөр хуралдсан ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаанд МАН-ын 19 төлөөлөгч ирээгүй ч, АН-ын 20 төлөөлөгч оролцож, ирц 51,2 хувьтай болсон гэж үзсэн аж.
 
Хурал эхэлснээс хойш буюу 18.15 цагт МАН-ын бүлгийн дарга Б.Цэрэннадмид, төлөөлөгч Д.Мөнхбат нар ирж, мэдэгдэл хийлээ. Тэд "Та бүхэн чадамжтай байж, хуулиар хүлээсэн эрх хэмжээ, үүргээ ойлгож, ард иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа гэдгээ цаг тутам санаж сэрээсэй. Хууль бус хуралд манай намын бүлэг оролцох боломжгүй. Эндээс ямар нэг шийдвэр гаргавал МУ-ын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад хандах болно" гэж хэлээд танхимаас гарсан байна. 
 
Харин аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал "Өнөөдрийн хурлыг хууль бус хурал гэж хэлэхгүй" гэснээр хурал цааш үргэлжилж шийдвэрээ гаргасан байна.

Хуралд 100 хувийн ирцтэй байсан АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат "Зөвлөлийн хурлыг хоёр намын гишүүд хамтдаа хийгээд хурлыг хойшлуулах товыг гаргасан. МАН-ын бүлгийнхэнд шүүмжлэл хэлэхэд Засаг даргыг огцруулах болохоор шөнөөр зөвлөлийг хуралдуулаач гэж гуйж байгаад хуралдуулдаг, хуралд орж ирээд болоод байдаг. Нэгийн зөрүүтэй гэдэг улс төрийн нөхцөл дээр дөрөөлөөд ажлыг нь хийлгэхгүй хоёр Засаг даргын ард гарчихаад сууж байгаа юм" гэсэн юм.

Ийнхүү санал шүүмжлэл, ирцийн асуудалтай болсон 9-р хуралдаанаас одоо аймгийн Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэж байгаа, аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2008 оноос Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга, Хайрхан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Архангай аймгийн Засаг даргын орлогчоор томилогдожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top