УВС: Дотуур байрны цай, хоолонд чацарганыг зайлшгүй оруулж хэвшихийг даалгав

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11
Увс аймгийн нутагт тариалдаг чацаргана жимсийг Европын "Газар зүйн заалт"-д бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга Ч.Чимэд өчигдөр /2022.11.10/ зургаан зүйл бүхий захирамжийг гаргажээ.
 
Тодруулбал, Европын холбооны Газар зүйн заалтад Увс аймгийн “Чацаргана” бүртгэгдсэнтэй холбогдуулан газар зүйн заалттай бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүртгэл, хяналт, хамгаалалтын системийн талаарх ойлголтыг түгээх, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн цаашдын хөгжил, кластерын зураглал гаргах, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдааг ханган ажиллахыг ажлын хэсэг (Ж.Эрдэнэтогтох)-т даалгасан байна.
 
Мөн газар зүйн заалттай бүс нутагт тариалсан чацарганаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, чацарганы жүүс, өтгөрүүлсэн шүүс, ундааг сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөр, сургуулийн дотуур байрны цай, хоолонд долоо хоногийн хоёр өдөр тутам тогтмол хэрэглэж хэвшихийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт даалгажээ.
 
Үүнээс гадна зоогийн газар, кафе, цайны газруудын хоолны цэсэнд хоёроос доошгүй нэр төрлийн Чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг оруулах, газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг сурталчилах, дотоодын худалдан авалт хийж дэмжин ажиллахыг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгожээ.
 
Дээрх шийдвэртэй холбоотойгоор чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг өдөр тутам хоол, хүнсэндээ зохистой хэрэглэж хэвшихийг иргэн, айл өрхүүдэд, зочид хүлээн авах, угтах үйлчилгээнд чацарганы шүүс, ундааг хэрэглэхийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд уриалаад байна.
 
Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10000  гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж байгаа орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад  байдаг байна. Европын Холбооны газар зүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүсэх юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top