Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжиж буй Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 7 сум дундын ойн ангид 90 морины хүчин чадал бүхий Lovol 904 загварын дунд оврын трактор, хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг 4 төрлийн дагалдах тоног төхөөрөмж бүхии нийт 970 гаруй сая төгрөгийн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Эдгээр техник, тоног, төхөөрөмжийн ашиглалт, угсралт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн талаар болон ашиглалтын бүхий л үе шатуудад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тухайн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэгч “Мөнх ногоон тал” ХХК-аас холбогдох ойн ангийн дарга, инженер, жолооч нарыг оролцуулан зохион байгуулав.
Ийнхүү сум дундын ойн ангиуд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашигласнаар мод тарьж, ургуулах ажил механикжиж, ажлын бүтээмж эрс нэмэгдэж богино хугацаанд тарьц, суулгацын нөөцийг бий болгох боломж бүрдэж ойн менежментэд ахиц дэвшил гарч улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бодит хөрөнгө оруулалт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )