БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Цой Сон Хи НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Солонгосын хойгийн асуудалд өрөөсгөл хандаж буйд харамсаж байгаагаа илэрхийлээд түүнийг АНУ-ын утсан хүүхэлдэй гэжээ.
Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/-ийн дамжуулснаар, мэдэгдэлд олон улсын хамтын нийгэмлэг Солонгосын хойг болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд илүү дуу хоолойгоо илүү чанга хүргэж, АНУ-ын өдөөн хатгасан үйлдлийг хязгаарлаж, зогсоох шаардлагатай гэж онцолсон байна.
Цой Сон Хи энэ сарын 18-нд НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш БНАСАУ-ын өөрийгөө батлан хамгаалах эрхээ шударгаар хэрэгжүүлсэн явдлыг өдөөн хатгалга хэмээн тодорхойлсныг сануулжээ. Түүний хэлснээр, АНУ холбоотнуудынхаа хамтаар жилийн турш “цөмийн дайны бэлтгэл” хийж, хойгт төрөл бүрийн стратегийн цөмийн хэрэгсэл ашигласан нь нөхцөл байдлыг хурцдахад хүргэсэн. Пёньян үүний эсрэг хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн. Гэтэл НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга үүний бурууг АНУ-д бус Пёньянд тохсон гэж Цой Сон Хи онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )