Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.11.22/ төрийн албан хаагчидтай уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтын талаар болон төрийн албан хаагчдын үүрэг оролцоо, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо. Уулзалтад яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төлөөлөл 1200 гаруй ажилтан, албан хаагч оролцов.
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь төр болоод байна. Иймд Засгийн газраас төрийн албаны авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, төрийн албан хаагчид нэгдэж, түүчээлэн ажиллах хэрэгтэй” гэлээ.
Төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстойг онцлов. Эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүд төрд ажиллах учиртай гэв.
Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд энэ оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг, ирэх онд төр өөрийн зардлаа нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ. Мөн Төрийн бүтээмжийн сэргэлт, цахим шилжилтийн хүрээнд “И-Монголиа” системд төрийн 67 байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна.
Уулзалтад оролцогчид “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогуудаа тууштай хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг Ерөнхий сайдаас хүслээ.
Сэтгэгдэл ( 1 )
mfjnay төрийн албан хаагчийн цалин хөлс өндөр оронсууцаар хангаад өгвөл хэн хахууль авахав дээ бусад улс орнууд хангалттай хангадаг биз дээ гэтэл манайх гуйлгачин шиг болгодог