АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд болон Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарыг төрийн дээд шагнал "ЧИНГИС ХААН" одонгоор шагналаа.
"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг "Чингис хаан"одонгоор шагнадаг.
Жилд ганц удаа олгодог "ЧИНГИС ХААН" одонг хүртсэн Жэк Уэрерфорд болон Д.Доржготов нарын тухай мэдээллийг хүргэе.
Д.ДОРЖГОТОВ ГЭЖ ХЭН БЭ?
Академич, доктор, профессор Д.Доржготов бол монголын бүхий л хөрсийг “эргүүлж” тойруулж үзэж, олон улстай жишиж, нэр томъёог нь гаргасан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр монголд анх хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 50 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвисан юм. Энэ их хөдөлмөрийг үнэлж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг хүртээж байв.
Д.Доржготов нь Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр бүлээс гаралтай. Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1957 онд төгсөж, дараа нь Москвагийн их сургуульд Хөрс судлалын мэргэжлээр суралцсан. 1962 онд их сургуулиа төгсөж ирээд, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ.
Тэрбээр монгол орны хөрсний зургийг хамгийн анх 2500000 масштабтай зохиож 1973 онд хэвлүүлсэн. Хөрс газарзүйн мужлал, ангилал, эвдрэл, үндэсний атлас, Орос, Англи дээр хэвлэгдсэн Байгаль нуурын сав газрын атлас, Монгол орны экосистемийн атлас, Монголын үндэсний нэвтэрхий толь, Хятад хэл дээр хэвлэгдсэн олон үндэстнийг хамруулсан Монгол судлалын нэвтэрхий толь гэх мэт 300 гаруй бүтээл туурвижээ.
ЖЭК УЭТЕРФОРД ГЭЖ ХЭН БЭ?
Жэк Уэтерфордыг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиолч гэдгээр нь монголчууд сайн мэднэ.
Тэр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Улмаар Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд Улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, Социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Одоо Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.
Тэр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн байна.
Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан. Тус ном нь 20 гаруй орны хэл дээр орчуулагдаж, энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.
Мөн 2010 онд “Монгол хатдын нууц түүх: Чингис хааны охид эзэнт гүрнийг хэрхэн аварсан бэ?”, 2016 онд “Чингис хаан ба бурханы эрэлд: Дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч бидэнд шашны эрх чөлөөг хэрхэн олгосон бэ” зэрэг бүтээлүүдийг туурвисан.
Түүнийг 2006 онд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны "Хүндэт одон", Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнаж байсан аж.
“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэх ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргасан байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй дундад зууны үеийн дэг журмыг үгүй хийж, чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна.
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТСЭН ҮЕ ҮЕИЙН ЭРХМҮҮД
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат (2005 он)
Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав (2006 он)
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн (2009 он)
Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж (2010 он)
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди (2011 он)
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл (2012 он)
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном (2013 он)
Академич Х.Намсрай (2014 он)
Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо (2015 он)
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар (2016 он)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (2017 он)
"The Hu" хамтлаг (2019 он)
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа (2021 он)
Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн (2021 он)
Сэтгэгдэл ( 6 )
жанцанноров гуайд өгмөөр юм\n
Demberel ymar gaviya baiguulsan yum be
Уэтерфорд өмнө нь ”Алтан гадас” одонгоос гадна Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон, медалиар шагнуулсан гэж бичсэн байх юм. Тийм ямар шагнал байдаг байнаа?
Төрийн соёрхол энэ 2 ын аль нь илүү юм бэ дээ.
Гончигдорж ,Очирбат,Багабанди гэсэн хулгайчууд илүү л бна.
Gonchigdorj estoi iluuu baunaa