Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжүүлэх зорилгоор Цемент Шохой ТӨХК албан ёсоор шинэ жил тэмдэглэхгүй, зардал, төсөв гаргахгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ хэсэг нэгжүүд албан бусаар тэмдэглэхийг зөвшөөрнө гэжээ.
Энэ талаар "Цемент Шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа "Ажлынхаа алдаа, оноог дүгнэж, ойрын болон хэтийн зорилтууд, ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх төслөө танилцуулах хурлыг ажилчид, удирдлагууд, харилцагчид болон худалдан авагчдын хамтаар арванхоёрдугаар сарын 23-өдөр Хөтөлдөө зохион байгуулна.
Жич: Өчигдөрөөс хүйтний эрч эрс чангарч, хамт олон маань өвлийн сорилттой нүүр тулж байна, эрсдэл бууруулах төлөвлөгөөг урьдчилан хэрэгжүүлж байгаа бөгөөд өвлийн улиралд аль болох зогсолтгүй ажиллахаар зорьж байна.
Сүүлийн 7 жилийн тайланг судлаж үзэхэд жил бүрийн 11 сарын дунд хүртэл ажиллаад, дараа жилийн 3-р сарын дундаас үйлдвэр улирлын нөлөөллөөр сул зогсож, энэ хооронд ажилчид маань аргагүйн эрхэнд Солонгост 2-3 сар ажиллаж ирдэг уламжлал тогтсон байна. Нэлээд нь буцаж ирдэггүйгээс хүний нөөцийн дутагдалд орж иржээ.
Энэ удаад Солонгос уруу ажилчидаа алдахгүй юмсан, одоогоор 820 гаруй ажилчидаас 200 орчим хүн Солонгос уруу зорчихоор цалингийн тодорхойлолт авсан нь онц анхаарал татаж байна. Ихэнх нь гол ИТА нар байгаа…
Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөн ширүүсэж байна. Ховдын Эко цемент ашиглалтад орсон, мөн ирэх жилийн хавраас Төв аймагт байгаа Хятадын цементийн үйлдвэр ажиллаж эхэлнэ, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орж уул уурхайн салбарт ажилчдыг 14/14 ростероор ажиллах орчин бүрдсэнээр багаад 25%_иар ажиллах хүчний хомсдолд үүсгэж, Өмнөговь зэрэг аймаг уруу ажиллах хүчин нүүж байна. Энэ бүх хүчин зүйлс нь 2023 он манай үйлдвэр ажиллах хүчний дутагдалд орох бодит эрсдэлтэйг харуулж байгаа юм.
Иймд ирэх жил цалингийн фондоо 32%_иар өсгөж батлуулсан. Энэ нь 7 тэрбум төгрөгөөр өсөж 28 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн үг. 2021 ба түүнээс өмнөх жилүүдэд нийт цалингийн фонд 9-10 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 21 тэрбум төгрөг болж өссөн.
Цаашид цалин, урамшуулал, нийгмийн бодлогоо улам өрсөлдөх чадвартай болгохын төлөө компанийн удирдлагын багийн зүгээс хамтдаа хичээж ажиллана" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Худ пооп.
Маш зөв,амжилт хүсьэ!
амжилт хүсье
бага багаар хөгжлийн банзны өрөө төлөөч дээ одоо монгол гадаад өрөө төлөх нь хамгийн чухал асуудал биз дээ