Аялал жуулчлалын салбарт Тайланд улстай хамтран ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

БОАУ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын үндэсний Ассамблейн сенатын танхимын Аялал жуулчлалын байнгын хорооны дарга Генерал Танасак Патимапрагорн, тус байнгын хорооны гишүүд болон Монгол-Тайландын парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалайтай уулзав.

Уулзалтын эхэнд, тэрбээр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Сенатын гишүүдэд хамтатган уламжлаад, талууд хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарлахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс “Аялал жуулчлалын тухай” хуулийн төсөл боловсруулж, Улсын Их хурлаар батлуулахаар өргөн бариад байгааг уузалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэв.

Мөн цаашид Тайландын Парламенттай хамтран ажиллаж, тус улсын аялал жуулчлалын салбар дахь эрх зүй, хууль тогтоох туршлага солилцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнээс гадна Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд аялал жуулчлалыг сурталчлах, брэнд бий болгох Тайланд Улсын туршлагыг судалж, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны жуулчдын урсгалыг харилцан тэнцвэртэй болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.

Тайланд Улсаас Монгол Улсад агаарын тээврийн шинэ урсгалыг бий болгох, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top