Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль дээр боллоо.
Энэ үеэр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүхийн төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар эх оронч үзэл, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншсанаас гадна Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын нууцын эрхлэгч, ахлах дэслэгч Х.Цэгмид Монгол бичгийг урнаар сийрүүлэн сурагчдад дурсгасан нь үндэсний өв, бичиг соёлоороо бахархах сэтгэгдэл төрүүлснийг хэлж байв.
Түүнчлэн “Соёмбо” чуулгын уран бүтээлчид эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолт толилуулж, Монгол түмний ёс заншлын илэрхийлэл болсон бий биелгээний анхан шатны хичээлийг заасан юм.
Үйл ажиллагааны үеэр сурлага, урлаг, спортын амжилт, идэвх, зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан тус сургуулийн 11а ангийн сурагч Б.Энхзулыг Монголын сурагчдын холбооны дээд шагнал болох “Оюунлаг сурагч” алтан медалиар шагнаж, урамшууллаа.
Сэтгэгдэл ( 0 )