Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг “НҮҮРСЧИД” Засгийн газрыг огцруулахаар ашиглав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Улс орон, нийгэмд жагсах шаардах шалтгаан олон байгааг нуух хэрэггүй. Цочир хүйтнийг үл ойшоон, олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Уг нь ням гаригийн өглөө нүүрсний хулгайг илрүүлэх, түүнтэй тэмцэх уриа лоозон дор жагсаал эхэлсэн ч үд дунд гэхэд уриа лоозон дээр Засгийн газрыг огцруулах гэсэн үг өгүүлбэр ч орж ирэв. Үдэш гэхэд үүний цаана чухам хэн байв гэх таамаг ч шидэж эхлэв. Даваа гаригийн байдлаар хэт их үнийн өсөлт гэх зэргээр давлагаалав.

Эцэст нь савнаасаа хальж, Төрийн ордон руу дайрах, талбайд чимэглэж буй гацуурт гал тавих зэргээр өрнөж байгаагийн цаана ямар нэгэн хүчин зүйл байж болох юм. Гэхдээ жагсаалд нүүрсчид нөлөөлж байна гэж байгаа ч жагсагчид өөрөө өөртөө нөлөөлчихсөн байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүссэн. Яахав, элдэв жагсаал цуглааныг өөрийнхөө улс төр, хувийн эрх ашигт нийцүүлж эргүүлдэг сурамгай хүмүүс ч цөөнгүй байдаг. Гагцхүү жагсаалд нүүрсчдийн намынхан эпдэв өнгөөр ашиг сонирхлоо шургуулах сонирхол байгаа ч үүнд автахгүй байж тэмцлийнхээ үр дүнг үзэх нь чухал.

 

ХӨЛ ТОЛГОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ҮЙЛ ЯВДЛЫН ЦААНА НҮҮРСЧИД БИЙ

 

Засгийн газраас эхлүүлсэн нүүрсний хулгайтай тэмцэх аяны гол ташуур нь иргэдийн жагсаал болж байгаа ч жанжин шугамаасаа хазайж байгааг нь базаахгүй хэрэг. Өчигдрийн байдлаар албаны хүмүүс хувийн зүгээс болон албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийхийг шаардаж, УИХ-ын даргад хүргүүлж байна. Иргэд гадаа жагсаад байна. Энэ жагсаал үр дүнтэй байх ёстой. Гэтэл жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид нь өөр чиглэлд явуулах, зарим улстөрч нь өшөө авалт явуулах зэргээр тарамдуулах гээд байна. Ингэж болохгүй, хуулийн дагуу явах хэрэгтэй” гэх мэтээр байр сууриа илэрхийлэв.
 


Гэтэл нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд цоллуулж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг тэмцэж байгаа гишүүдийн багт идэвхийлэн зүтгэж явна. Харин өөрийг нь АТГ-аас шалгаж байгаа гэх. Тэгвэл АН-ын бүлгээс хурал зарлаж, “нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг шаардаад хоёр долоо хоног өнгөрлөө. Гэвч одоог хүртэл хувьцаа эзэмшигчдээс хүртэл хулгайн асуудлыг нуусаар байна.

Энэ зөвхөн сөрөг хүчний тавьж байгаа шаардлага биш. Иргэд хүртэл шаардаж байна. Оффтек гэрээгээр дамжуулж орж ирэх ёстой мөнгө хулгайлсан асуудлыг түр хороо шалгаж байгаа. Тээвэр хийж байсан олон компаниуд дампуурч, МАН-ынхантай танил дотно хүмүүс мафижсан сүлжээг бий болгож нүүрсний хулгайг хийсэн” гэж мэдэгдлээ.
 


Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал зарлахдаа “нүүрсний хулгайч нарыг зарлана” хэмээн хулхидаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмнөөс үгийг нь дамжуулах гэж оролдов. Ингэхдээ “АПУ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан, MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан нарыг Авлигатай тэмцэх газарт өгөн, шалгуулах болно гэх зэргээр хөл толгой нь мэдэгдэхгүй үйл явдал өрнөж байна. Энэ эмх замбараагүй, нийгмийг төөрүүлэх гэсэн олон талын үйл явдал нь нүүрсчдээс явууулж байгаа ажиллагаа гэдгийг төвөггүйхэн анзаарч болно. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ  "Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой"-н 385 тонн нүүрсний хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Харамсалтай нь, хариу нь өнөөдрийг хүртэл гараагүй. Нүүрсний асуудлаар 15 орчим албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа. Эцсийн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа" хэмээсэн. Ямар ч үйл явдал өрнөөсөн улсад асар их хэмжээний хохирол учруулсан нүүрсний хулгайчдыг илрүүлэх зайлшгүй шаардлага байгаа. 

 

МӨРГӨЦӨГ ЗӨӨСӨН ЭЗЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЦАГ НЬ БОЛСОН

 


Төрийн өмчит эзэмшил тайлбайгаас бүхэл бүтэн мөргөцөг хулгайлаад хил давуулчихсан баримт хүртэл байхад эздийг шийтгэж, улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Мөргөцөг гэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, өдгөөгийн аймгийн Засаг дарга Р.Сэддорж гээд эзэд нь тодорхой гарч ирэх болов уу. Тодотговол, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “жижиг” хэмээх Тавантолгой хоёрын дунд байсан мөргөцөг хулгайд алдагдсан нь өнөөдөр эзэн холбогдогчгүй байгаа нь үнэхээр арчаагүй хэрэг. Ард түмний өмч болсон олон тэрбум төгрөгийн өмчийг алдчихаад зүгээр сууна гэдэг санаанд багтамгүй.

Тоон баримт гэвэл 340 мянган тонн нүүрс алдагдсан гэдэг. Тухайн үед буюу 2017 оны тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Тавантолгой компани уурхайн үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд хятадын “Хуала Тянь Жин” компани бүтэн сарын турш Мөргөцөгийг олборлосон баримт бий. Ийн олборлолт хийхийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит Тавантолгой компаниуд хоёулаа зөвшөөрсөн байдаг. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” компанийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог аж.

Тиймээс хоёр компанийн дунд ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-нд байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажилладаг. Гэтэл “Жижиг”, “Тавантолгой” компани нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч чамгүй хугацаанд хууль бус олборлолт хийсэн байдаг. Энэ нь 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг “Жижиг” Тавантолгойд илгээсэн 01/964 дугаар бүхий хүсэлтээс харагддаг.
 


Үүнд “Тавантолгой компани манай компанийн МҮ-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн МҮ-011943, МҮ-016883 тоот лицензтэй талбайд хөрний овоолго байршуулсан байна. Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг төлж манай компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэж бичиж байжээ. Гэтэл 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд Манай талбайгаас огтхон ч нүүрс алдагдаагүй. Дүгнэлт тайлан нотлоно” хэмээсэн байдаг. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой”-ын талбайгаас нүүрс олборлоогүй, хулгайлаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс захирал аснуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин үүний төлөө удаан хугацаанд явсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нүүрс дамнасан маш том мафи байгаа. Энэ талбайгаас 340 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан” гэх баримтыг хөдөлшгүйгээр нотолсон. Мөн өдгөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны аравдугаар сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ахуй цагтаа “Тавантолгой транс компани баластаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Үүнд Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой” хэмээж байв. Өөрөөр хэлбэл 341 мянган тонн нүүрс гаалиар гарсан ямар нэг бичиг баримтын бүрдүүлэлт байхгүй ч гадагшаа гарсан нь нэгэнт ил болсон.

 

ТӨМӨР ЗАМЫГ 10 ЖИЛ ГАЦААСНЫ ЦААНА НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ БАЙСАН

 

Нүүрсэнд ашиг сонирхлоо тусгаагүй улстөрчид маш цөөн. Өөрөөр хэлбэл, улс орон, ард түмнийхээ өмчийг зөвхөн хэдэн бүлэглэл цөлмөж байсан, гацааж байсан жишээ дурдана гэвэл асар урт цуваа гарна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй нөхөд чухам ямар учраас төмөр зам барих нэрээр асар их мөнгө завшчихаад төмөр зам ч барихгүй гацааж байсны цаана бүлэглэлийн эрх ашиг л бий. Тиймээс энэ тухай баримт дурдах хэрэгтэй. Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа төмөр замын гэх ажил эхлүүлсэн ч далан шороо овоолоод олон сая ам.доллар завшсан гэдэг. Гэхдээ тэр тухайн үед төмөр замын асуудлаар АТГ-т шалгуулахаар зарим хүмүүсийг өгч байв.

Чухам “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэг шиг зүйл болсон уу, яасан. Тэдний нэг нь Ц.Нямдорж. Ингэхдээ Х.Баттулга "Монголд төмөр зам барихыг Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж санаатайгаар зогсоож “чамайг төмөр зам барихыг чинь харна аа” гэж заналхийлж, саад болсон" гэж мэдээлсэн. Мөн МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "бүтээн байгуулалтын томоохон төслүүд Ц.Нямдорж сайдаас болж гацсан" гэж ярьсан байдаг. Үүний цаана Ц.Нямдорждоо ч биш бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байсныг Ц.Нямдорж мэдэж байсан хэрэг болов уу.
 


Харин Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэхдээ "Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Мөн 2011 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам байгуулах гэрээ хийсэн. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна" хэмээж байв. Үүнээс харахад бүлэглэлийн Х.Баттулгаар дамжуулж хийсэн гэрээ ихээхэн нууц байсныг одоо илрүүлэх цаг нь болсон.  Мөн “Энержи Ресурс” ХХК нь “Самсунг Си энд Ти” компанитай 439.8 сая ам.долларын өртөгтэй барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2012 оны аравдугаар сарын 31-ний өдөр байгуулжээ. ТЭЗҮ-гээс эхлээд нөлөөллийн бүсийн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар гэрээг 2013 оны тавдугаар сарын 06-ны өдөр цуцалсан байдаг. Улмаар 2013 онд “Монголын төмөр зам” ТӨХК-иар бариулахаар шилжүүлэн өгч, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, “Чингис бонд”-оос 280 сая ам.доллар зарцуулсан. УИХ-аас 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч нууц тендерт ялсан “Бодь Интернэшнл” компани өргөн царигаар барьж дуусгасан юм. Нүүрсний хулгай, түүнийг тойрсон нууц бизнесийг илрүүлэх цаг нь болсон.
 

 

 

ЖАГСАГЧИД ЗАМААСАА ХАЗАЙСАН Ч ХЯНАЛТАА АЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

 

Үнэнийг хэлэхэд, “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар худалдаж авсан бүлэглэл, Хөгжлийн банкны хууль бус зээлдэгчид, авлига гээд зайлшгүй хэргүүдийг гаргаж ирдэг ч хариуцлага хүлээж, улс орныг хохиролгүй болгож байгаа нь одоогийн байдлаар алга. Тэгэхээр иргэд нүүрсний хулгайчдыг илрүүлэх зоримог шийдвэрийнхээ үр дүнг үзүүлэхийг зорьсон учраас хөхөө өвлийн жавар сөрж, нэгэн туган дор нэгдсэн байх гэж найдна. Жагсаал цуглаан болж байдаг ч олны танил алдартай хүмүүс уриа лоозон болдоггүй байв. Гэтэл энэ удаад нэр бүхий урлаг соёлын алдартнууд цахим орчинд болон өөрийн биеэр жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Үүний цаана иргэдийн тэгш боломжийг хааж, улс орноо тонон дээрэмдсэн нүүрсний хулгайчдыг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байгааг харуулсан хэрэг. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн нэгэн ноён нуруу болж яваа нүүрс рүү гар дүрсэн улстөрчид, бизнес бүлэглэлийнхэн олон бий. Жагсагчдын ажиллагаан дундуур элдэв суртал ухуулга, өөр тийш эргүүлэх гэсэн акц өрнөж байгаа ч тэд нүүрсний гэх хэргийг замхруулахгүйн төлөө ч тэмцэж байна. Гэвч хөндлөнгийн акцууд илтэд нөлөөлж байгаа нь жагсаалын дундуур түймэр дэгдээх Төрийн ордон руу дайрах, зүй бус үг хэллэг хэрэглэх гээд хүрээнээсээ хальсан байдал илтэд харагдаж байгаагийн цаана ямар нэгэн хүчин зүйл байсан биз ээ.

Эцэст нь нүүрсчдийн эсрэг тэмцлийг хулгайчийг нь хамгаалах жагсаал болгож хувиргав.
 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(45.72.90.236) 2022 оны 12 сарын 09

arai2

0  |  0
hitad(45.57.201.238) 2022 оны 12 сарын 09

sunu2

0  |  0
oros (144.168.159.36) 2022 оны 12 сарын 09

yalna2

0  |  0
Top