Х.Нямбаатар: Жагсаалын үеэр Оюутны зөвлөлийн дарга нарт их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Засгийн газраас нүүрсний хулгай гэх хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, гадаад улсаас мэдээ мэдээллийг гаргуудж өгөх анхны хуралдаан дээрээ тохирлоо. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн.

Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. Энд "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Б.Хишигдорж нарын гурван хүн, бусад нь Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүн бий. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэх мэдээллийг Ажлын хэсгээс ирүүлсэн. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээр дурдсан хүмүүсийн орон байр, ажлын байранд нь үзлэг нэгжлэг хийх ажиллагаа үргэлжилж байна.

Оюутны холбоо, сургуулиудын ОЗ-ийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА шалгаж байна

"Хишиг арвин индустриал" ХХК-ийн тухайд "Эрдэнэс Тавантолгой" компанийг анх үүсгэн байгуулагдсан цагт хөрс хуулалт болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон компаниудын нэг гэдэг мэдээллийг надад өгсөн. Энэ компанитай болон Б.Ганхуяг нарын хооронд албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт, мэдээлэл олдсон учраас хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан. 

Хоёрт, өчигдөр Ажлын хэсэг хуралдсан. Бид мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймаг бүрээс хоёроос доошгүй мөрдөгчийг татаж ажиллуулахаар болж байна.

Дээр нь, эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг татан оролцуулж, Ажлын хэсгийг өргөтгөж байна.

Нүүрсний хулгайн хэрэгт 4-5 чиглэлээр нотлох баримт цуглуулах шаардлагатай. Өнгөрсөн 13, 14 жилийн хугацаанд хэчнээн куб метр олборлолт хийж, хэдийг нь урагшаа гаргасан зэргийг нь тогтоох ажил хийгдэнэ. 

Мөн, тээвэрлэлтэй холбоотой асуудал байна. Хэнчээн мянган тээврийн хэрэгсэл урд хилээр гарч тээвэрлэлт хийгдсэн, тээвэрлэлт хийгдсэн аж ахуйн нэгж татварт хэдэн төгрөг төлсөн, улс төрд нөлөө бүхий ямар хүмүүс байна зэргийг нь тодорхой болгоно.

Гуравт, энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад бүртгэлгүй нүүрс урд хөршид экспортлогдсон зэргийг нь шалгана. Яг одоо Өмнөговь аймгийг Цогтцэций суманд байрлаж мөрдөгч нар ажиллаж байна, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н асуудал яригдаагүй. Орон нутгийн "Тавантолгой"-г ч гэсэн шалгана. Энэ цаг хугацаанд гаалийн талбай дээр ажиллаж байсан бүх байцаагч нарыг шалгана. Мөн хил хамгаалах байгууллагаар нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэг бүрчлэн тулгаж, шалгах ажил хийгдэнэ. Үүнд их хүн шаардлагатай, нэмж хүн төвлөрүүлэхийг үгүйсгэх аргагүй.

Ямартай ч өнөөдөр нүүрсний хэрэгт холбогдсон иргэдийн шаардлагаар энэ ажил эрчимжиж байгаа гэдгийг хэлэх байна.  

Харамсалтай нь, захиалгатай улс төрийн тогтворгүй байдлыг ашиглаж байгаа, энэ хэрэгт шалгагдаж байгаа нөхдийн жагсаал, турхиралт байгаа гэдгийг иргэдэд давхар дуулгах нь зөв.

"Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд сүүлийн жилүүдэд Монголын оюутны холбооны үе үеийн удирдлага болон бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид олноороо ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Тэгвэл жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн Оюутны холбоо, их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган, тогтоох ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёсыг хүсэмжилсэн жагсаал, цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайг саринуулах хүмүүсээр төөрөгдүүлсэн байгаа гэдгийг сайдын хувьд хэлэх байна. Үүнд илүү хашир хандаж, ажиллаарай" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элдэв(66.181.161.42) 2022 оны 12 сарын 09

Шүгэл үлээсэн засгийн газраа унагаах жагсаал юм биш үү?

0  |  0
Эгэл(66.181.161.39) 2022 оны 12 сарын 08

С.Ганбаатар аа чи олон хүний итгэлийг уландаа гишгэлээ.

0  |  0
Хуис(150.129.141.73) 2022 оны 12 сарын 09

Оюутнууд мөнгө өгнө гэсэн учраас л талбай дээр очсон, түүнээс бидэнд өөр ашиг сонирхол байхгүй гэцгээж байсан,\nМөнгийг нь унжаад дургүйг нь хүргэсэн учир хахууль нь илчлэгдсэн\n

3  |  0
зочин (202.9.46.130) 2022 оны 12 сарын 09

тэр том компаний захирал Оджаргал ер нь л олон юмыг буруу аргаар хийх гээд байдаг гэсэн хулгай хийсэн нь үнэн байхаа Ганбаатар гишүүн 3 хүний нэр хэлсэн бараг мөн байхаа

1  |  1
Top