НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Нууцад байсан ЕСӨН гэрээг ил болголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын шийдвэрээр нууцад хамаарсан буюу "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн гэрээг нууцаас гаргажээ. 

Энэ асуудлыг УИХ-аас байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх, гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аар шалгуулах шийдвэрийг мөн Засгийн газар гаргасан байна. 

Цаашид Засгийн газар нэг ч "Нууц гэрээ" байгуулахгүй гэдэг шийдэлд хүрснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцлов. 

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэсний аюулгүй байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн. Өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний есөн гэрээг нууцаас гаргаж байна. Бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. 

“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж байгаа дараах гэрээг ил болгожээ
 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;

3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ

4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ

5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;

6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;

7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;

8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;

9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно.

 

НАЙМХАН САРЫН ДОТОР АШИГЛАЛТАД ОРУУЛСАН ТӨМӨР ЗАМЫН ХОЁР ГЭРЭЭГ ИЛ БОЛГОНО

Сануулахад, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг барьж байгуулах гэрээг ил болгох шаардлагатайг зарим улстөрчид хэлж буй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг төрийн оролцоотой барьж байгуулахдаа төсөвт өртөг багатай барьсан бол "Бодь" группийн барьж байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын өртөг түүнээс 4-5 дахин өндөр байгааг иргэд шүүмжилдэг. Иймд уг хоёр төмөр замыг барьж байгуулсан өртөг, зардлыг нийтэд ил болгох ёстой гэдэг шаардлагын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төсөлтэй холбоотой МТЗ төрийн өмчит ХК, ЗХЖШ УБТЗ нарын хамтран байгуулсан Зүүнбаянгийн төмөр замын гэрээг  ил болгох асуудал дээрх шийдвэрт мөн багтжээ. 


МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oros (45.72.46.226) 2022 оны 12 сарын 12

yalna2

0  |  0
mongol(45.57.201.238) 2022 оны 12 сарын 12

arai2

0  |  0
hitad(45.72.47.46) 2022 оны 12 сарын 12

sunu2

0  |  0
Top