БОАЖЯ | 2023 оны үйл ажиллагааны төслийг хэлэлцэж, шийдвэрийг гаргалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KFW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр болж 2022 оны үйл ажиллагааны тайланг, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Г.Түвдэндорж удирдан явуулсан бөгөөд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Энхзул, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, төслийн захирал Г.Эрдэмбилэг, Төслийн зохицуулагч Др. Г.Эрдэнэбаясгалан, төслийн зөвлөх багийн Техникийн ахлах зөвлөх Др. Бернд Штайнхауэр Буркарт болон удирдах хорооны бусад гишүүд хуралд оролцов.

Хурлаар төслийн цаашдын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

1. Төслийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хол оруулж баталгаажуулах

2. Төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний үндсэн концепцийг алдагдуулахгүйгээр яамны төлөвлөгөөтэй уялдуулж, холбогдох саналыг тусган нэгтгэж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор батлуулах

3. Төслийн хүрээнд баригдах барилгын концепци, тогтвортой ашиглалт, эзэмшлийн асуудлыг яаралттай эцэслэн яамнаас донор байгууллагад хүргүүлэх

4. Орчны бүсийн зээлийн эргэлтийн сангаар дамжуулан авах санхүүжилтийг яаралттай татан төвлөрүүлэхийг үүрэг болголоо.

Цаашид тус төслийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах ба төсвийн хүндрэлтэй цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарсан нь уг хурлын гол ач холбогдол оршиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top