П.Сайнзориг: Гишүүд ХАЛДАШГҮЙ БАЙДЛААР аргацаах байдал зогсоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.14/ болж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө. 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжсэн. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Иймд дан ганц Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, өөрчлөлтийг дагаж Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж АТГ шалгах өөрчлөлт тусгаад байна.

Харин Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь зөвхөн авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтууд дээр төвлөрсөн байна.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА

Авлига албан тушаалын хэрэг хэрэг дээр хөөн хээллцэх хугацаа хэрэглэхгүй байх. УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулаад, эрүүгийн хариуцлага хүлээхгүй гардаг. Тэгвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй тохиолдолд хөөн хэлэлцэхийг зогсоож, бүрэн эрх дууссан үеэс  хөөн хэлэлцэх хугацааг эхлүүлэх байдлаар зохицуулж байна.

Авлига албан тушаалын хэрэг дээр өршөөлийн хуульд хамруулахгүй байх заалтыг тусгаж өгсөн.

Ялын бодлого чангатгах үүднээс торгох ялтай байсныг бүгдийг нь авсан. Төрийн албанд ажиллах эрхийг нь 20 жил хүртэл хугацаагаар хориглож, төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллахгүй байхаар тусгасан.

Авлигад авсан хөрөнгийг хураадаг. Хураахаас гадна 40 сая төгрөг оногдуулдаг байсан. Одоо бид торгуулах шийтгэлийг халж байна. 

Мөн үндэслэлгүй хөрөнгөжих асуудлыг түүний хамаарал бүхий этгээдийг хамруулж, өөрийн орлогоос давсан эд хөрөнгө машин тэрэг унаж байгаа асуудалд анхаарч байх чиглэлийг Засгийн газраас өгсөн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Авлига авсан улс төрийн албан тушаалтныг тусгайлан авч үзэж, 5-8 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаад, 5-12 жилиын хугацаагаар хорих ял шийтгүүлнэ гэж заасан байсныг 20 жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаад, 12-20 жилийн хорих ял оногдуулах заалтыг оруулахаар боловсруулна" гэж өмнө нь мэдэгдэж байсан.

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Би энэ мэдээлэлд тайлбар өгч чадахгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд, Эрүүгийн хуулийн асуудал хүнд сэдэв. Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Дээрх ялыг өгөхийн тулд үндсэн бүрэлдэхүүн дээр 2-8, дараагийн 5-12 онц хүнд бүрэлдэхүүн дээр 12-20 жил гэж хуульчилж байж хийнэ. Энэ тохиолдолд багш, сувилагч гэх мэт төрийн албан хаагч тэнсэх бололцоогүй, маш хүнд байдалтай ялын бодлого болж хувирна. Сэтгэл хөөрлөөр ялын бодлогоо хэт чангалж болохгүй. Ялын бодлогод тодорхой тусгасан байна гэж харж байгаа. Харин бид хөрөнгө хураах, төрийн байгууллагад ажиллахгүй байх нөхцөлийг хангаж өгч байна. Дээр нь УИХ-ын гишүүн халдашгүй байдлаар аргацаах байдал зогсож байна.     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top