Нийтийн тээврийн автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

2022 оны 12 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.12.14) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.

Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.

Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top