Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээллээ. /2022.12.14/
Тэрбээр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан гэмт хэргүүдэд хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг үйлчлэхгүй байх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барилаа.
Тодруулбал, иргэдийн бухимдаад байдаг албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байдлыг эцэс болгож байгаа төсөл гэсэн үг.
Мөн ялын бодлогод өөрчлөлт оруулж байгаа. Нэмэгдэл ял буюу нийтийн албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хугацаатай хасдаг байсан бол 22-р бүлгийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг нийтийн албан тушаал эрхлэх эрхийг бүх насаар нь хасах шийтгэлийг нэмэлтээр тусгаж байгаа.
Одоо хууль зүйн байнгын хороо хуралдах гэж байна. Хэрэв батлагдвал тухайн өдрөөсөө эхэлж үйлчилнэ" гэлээ.
ХУУЛЬ: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд дараах заалтыг тусгасан байдаг.
22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ одоо доромжлоод байгаа юм уу? Хамгийн хатуу зүйл ангиар шийтгэх хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй.
Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаач