Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Уулзалтаар талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон аялал жуулчлалын талаар санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гуяан хот нь хүн амынхаа тоогоор улсдаа 10 дугаарт эрэмбэлэгддэг төдийгүй 1 сая 90 мянган хүн амтай томоохон хотуудын нэг юм. Тус хотын хувьд байгальд ээлтэй шийдлээр хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, ногоон хот болон хөгжихийн зэрэгцээ БНСУ-ын эдийн засаг, аялал жуулчлалын гол бүс юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Гуяан хотын дарга Dong Hwan Lee тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид байгаль орчны тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тус хотын төгөл байгуулан мод тарих ажлыг эхлүүлэхээр зөвшилцөв. Мөн бүс нутгийн аялал жуулчлалд харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр ойлголцол хүрч, хамтран ажиллахаар боллоо.

Нэмэлт мэдээлэл

Гуяан хот нь манай улсын Дундговь аймагтай 2019 оноос хойш хамтран ажиллаж, тус аймгийн 100 мянган га талбайд мод тарьж, тус хотын нэрэмжит төгөл байгуулан өнөөдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top