Энэ оны есдүгээр сард Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шинэчлэн байгуулагдсаны дараа Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хороо, зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний асуудлыг судлан холбогдох шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан.
Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дэд даргаар, нарийн бичгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн хөгжлийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Цахим хөгжил, харилцаа холбооны, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайд нар, Нийслэлийн Засаг дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, Усны газрын дарга, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч нар орсон.
Өнөөдөр /2022.12.26/ бид уг зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж зөвлөлийн ажиллах журам, 2023 оны ажлын төлөвлөгөө батлах, Хөх морь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Усны тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өөрчлөлт оруулж “Усны үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайд батална” гэж заасны дагуу төслийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэн санал авч зөвшилцсөн.Мөн гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гарц, шийдлийн талаар илтгэлийг танилцуулав.
"Хөх морь” төсөл нь Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод туссан өмнө нь олон удаа танилцуулга хийж байсан. Харин энэ удаа бид төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гарц, шийдлийн талаар тодорхой санал дэвшүүлсэн хэлэлцүүлэв.
Хурлаас гарах үндсэн шийдвэрийн нэг нь Усны үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, холбогдох саналыг тусгаж батлуулахаар Ерөнхий сайдад өргөн барив.
Усны үндэсний зөвлөл шинээр байгуулагдан анхны хуралдаанаа зохион байгуулж хэд, хэдэн асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. Зөвлөлийн хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих болон зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан Зөвлөлийн даргыг мэдээллээр тогтмол ханган ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэд чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 0 )