П.Сайнзориг: Цогцост шинжилгээ хийхэд ар гэрээс нь төлбөр авахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар өнөөдөр /2023.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Шүүх шинжилгээний тухай хуулийн зарим зүйл заалтын талаар  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Амь насаа алдсан иргэдийн ар гэрээс цогцост шинжилгээ хийхэд төлбөр авдаг. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлдэг тогтолцоонд шилжүүлж байгаа. Шүүх шинжилгээний амбулаторийн зардлыг мөн дээрх сангаас гаргана. Гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь хохирлын үнэлгээг тогтоох зардлыг мөрдөн шалгах байгууллагад тусгаж өгдөггүй. Яамнаас үнэлгээний эрх авсан байгууллагуудаар хийлгэе гэхээр хохирлыг үнэлгээний 5-10 хувийг нэхдэг. Энэ нь хэдэн арван тэрбум төгрөгийн асуудал болдог. Шүүх шинжилгээний байгууллагад тусдаа нэгж гаргаад, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлнэ" хэмээн тодотголоо.  

Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Засгийн газраас Шүүх шинжилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж, 7-8 сарын хугацаанд иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж, УИХ-аар батлуулсан. Шүүх шинжилгээний тухай хууль нь энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитойгоор, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэхэд оршино" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top