Казакстан улс руу шууд нислэг үйлдэх компаниудын тоог нэмэгдүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор аялал жуулчлалын маршрут боловсруулах, харилцан жуулчдын тоог нэмэгдүүлэх, Алтайн аялал жуулчлалын кластерыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн шууд нислэг болон нислэг үйлдэж буй компаниудын тоог нэмэгдүүлэхээр хамтарч ажиллахаар тохиров.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд заган ойг ойжуулах чиглэлээр хамтран ажиллаж, Бүгд Найрамдах Казахстан Улсын санаачилсан “Ногоон гүүр” түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохирлоо.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top