Н.Алтанхуяг: Намайг гурав хоногийн өмнө яллагдагчаар дуудсан

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор одоогоор 3 сая орчим дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр цугласан нотлох баримтаар нээлттэй сонсгол хийж байгааг Түр хорооны дарга Б.Энхбаяр тодотгов.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.

Сонсголын эхэнд "Бэрэн групп" ХХК-ийн /арматур, барилга/ авсан зээлийн зарцуулалтын талаар шинжээчийн танилцуулга, гэрчийн тайлбарыг сонсож байна. 

"Бэрэн групп"-ийн гурван удаагийн зээлийн талаар шинжээч танилцууллаа.
 

  • 2014 онд арматурын үйлдвэрийн Японоос авах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхэд 8,59% хүүтэй 22,7 сая ам.долларын зээл авчээ. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй зөрчил гаргасан байна.
     
  • 2018 онд барилгын арматурын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө гэж 9,26% хүүтэй 4,5 сая ам.долларын зээл нэмж авчээ. Хөгжлийн банкнаас зээл нэмж олгохдоо холбогдох нөхцөл шаардлагыг хангуулахгүйгээр өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгожээ.
     
  • 2017 онд орон сууцны барилга барих төсөлд зориулж 10,3% хүүтэй 11,6 сая ам.долларын зээл олгожээ. Ингэхдээ тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн биелээгүй байхад ТУЗ-өөс зээл олгох шийдвэр гаргасан байна.  

Зээлийн зарцуулалтыг данс хөөх аргаар шинжин судлахад 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан гэж үзэж байгаагаа шинжээч танилцууллаа.

Гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, "Бэрэн групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нарыг оролцуулахаар дууджээ.

“Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг гэрчээр дуудсан байна. "Бэрэн" группийн зээлтэй холбоотойгоор түүнийг шалгаж байгаа эсэх асуудалд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “2013.07.06-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш. Засгийн газар бодлого гаргадаг. Бодлогын хувьд дэмждэг. Манай Засгийн газар "Чингис" бондын зарцуулалтаас гуравхан зүйл хүссэн. Цемент, арматур, шилний үйлдвэр дэмжихээр төлөвлөж байсан ч мөнгөний бололцоо байгаагүй тул цемент, арматурын үйлдвэрүүдийг дэмжсэн. Арматурын үйлдвэрийг дэмжих асуудал бантан хутгаад явж байх шиг байна.

Гурав хоногийн өмнө намайг яллагдагч болгосон. Засгийн газрын гишүүд нь ярилцаж гаргадаг тогтоол дээр намайг яахаараа яллагдагч болгодог билээ гэж би асуусан.

Засгийн газар тухайн үед гурван хурал дамнуулж, төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Нойтон аргаар баяжуулдаг дөрвөн компани бий. Нэг нь эднийх, Эрдэнэт хотод жилдээ 200 мянган тонн арматур төмөр гаргадаг үйлдвэр болно гэдэг бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Би нэг ч төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг ч төгрөгийн зээл олго гэж хэлээгүй” гэлээ.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 16

ix teslee odoo xagarsaan zail shorondoo

0  |  0
Зөнч(66.181.161.103) 2023 оны 01 сарын 16

Чадлаасаа хэт ахадсан ажил эрхэлсэний үр дүн ийм байна.Тиймээс монголчууд хирээ мэдэж бяраа таньж яв гэдэг билээ. Мөрөөрөө явж байсан олон хүнд гай болсон шүү,Алтанхуяг аа чи.Одоо төлөөсөө төл.\n

0  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 01 сарын 16

Одоо хулгайч нар шоронд амарах цаг нь ирж байна шүү

1  |  0
Уншигч(202.131.254.222) 2023 оны 01 сарын 16

ЁСаад хийх гэж оролдож мөн ч нүгэл үйлдсэн дээ одоо горыг бид амсаж л явна Ядахнаа залруулж яваа нөхдэд тун хорлонтой хүмүүс юм уу даа

2  |  0
Зочин(202.126.89.101) 2023 оны 01 сарын 16

Энэ нөхөр ерөнхий сайд хийх гэж оролдоод бүх зүйлийг буруу болгосон бүх бизнес хямралд орсон шүүдээ. Долларын ханш мөнгөний уналт эдийн засгийн хямрал энэ нөхрийн үед утгаараа эхэлсэн шүү дээ. Энэ нөхөр өөрөө мэдэж л байгаа.

1  |  0
Энхээ(192.82.78.10) 2023 оны 01 сарын 16

Хөгжлийн банкнаас их зээл гаргуулсан даа чи Ерөнхий сайд бхдаа!

1  |  0
Энхээ(192.82.78.10) 2023 оны 01 сарын 16

Дуудсан гээд нүгэлээ наминчлаа юу Алтанхуягаа,

1  |  0
Top