Ерөнхий сайдын ТОП СЭДЭВ буюу Баялгийн сангийн ГАЦАА

2023 оны 01 сарын 23

2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг хэлэлцэн батлах үеэр нэр бүхий гишүүдийн зүгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, батлахгүй удаж байгааг онцлон ярьсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд заавал батлах ёстой хууль гэдгийг ч сануулж байв. 

Уг нь Монгол Улсын  Засгийн газар 2022 оны тавдугаар  сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон ч найман сар өнгөрөөд байхад албан ёсоор өргөн мэдүүлсэн төслүүдийн жагсаалтад ороогүй байгаа юм. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл засаг дээр гацаад байна гэж ойлгогдож байгаа.  Ерөнхий сайд ч туршлага судалж дуусаагүй нь харагдаж байгаа гэхэд болно. 

Ерөнхий сайд өнгөрсөн долдугаар сард Сингапур улсад айлчлах үедээ уламжлалын дагуу Темасек олон улсын сантай нь танилцаж, байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулах  чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд ирсэн билээ. 

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байнга хэлж ярьдаг топ сэдвүүдийн эхэнд Баялгийн сан бичигдэнэ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргын хувиар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзахдаа тус компанийг хөгжүүлэх замаар Баялгийн сан байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгаж байлаа. 
 
Мөн Ерөнхий сайдын хувиар  өөрийн удирдаж буй Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг тайлагнах  үеэрээ "Уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ, өнөөдрийг хүртэл геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй  явж ирсэн уул уурхайг  нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж байв.

Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард Үндэсний баялгийн сангийн тухай төслөө өргөн мэдүүлэхээр тогтсон ч лав л хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад алга байна. 

Тодотгоход, Монгол Улс өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийн салбараас олсон орлогынхоо тодорхой хэсгийг хурааж, хуримтлуулна гээд баялгийн сангийн хэлбэр бүхий сангууд байгуулсан ч, бодит байдал дээр 99 хувийг нь хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсож ирсэн. 

Статистик дурдвал, манай уул уурхайн салбар 2000 оноос хойших  хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  олсон орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан  талаар эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бий. Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэсэн ч  эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр  дүнгээр  0.2  тэрбум  ам.долларын  үлдэгдэлтэй  л байсан.  Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ  санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл гэдгийг эдийн засагчид сануулдаг.

Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барихад бэлэн болж байна гэж найман сарын өмнө мэдэгдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөөр өнгөрсөн жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахад чиглэсэн ямар зохицуулалтуудыг тусгасан бэ гэдэг нь анхаарал татаж байна. 

Баялаг хийгээд боломжийг тэгш хуваарилах тухай асуудлыг иргэн бүр хөндөх, ярих эрхтэйг сануулъя.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд: Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гээд тусгаад өгчихсөн.

Тэгвэл Монгол Улс хөрсөн доороо хэдий хэмжээний байгалийн баялаг агуулж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. 

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгджээ. Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибдени, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү байна. Энэ нь нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж. 

Монгол Улсын ашигт малтмалын НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ 

 

► 708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар

► 460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар

► 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар

► 31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар

► 79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар

► 101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар

► 332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар

► 11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, “зөв” хөрөнгө оруулалт хийж чадвал тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх  арвин их нөөц Монгол Улсын газрын хэвлийд байна гэдгийг дээрх тоонууд харуулж байгаа юм.

Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн  хуулийн төслийн талаар тодотгохдоо, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон. 

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан гэсэн мэдээллийг өгч буй.

Тухайн үед УУХҮ-ийн сайд байсан Г.Ёндон хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч бөгөөд уг баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг тунхагласан". Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Үндэсний баялгийн санг байгуулахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, хүртээмжтэй хүргэж буй олон улсын сайн туршлагыг судалж тусгасан. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд хөрөнгийн хуримтлалын тогтолцоог бий болгож, нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол зарчим нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд төвлөрүүлж, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Үндэсний баялгийн санг холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу хуримтлалын болон хөгжлийн сангийн хэлбэрээр нэгтгэн байгуулж, хөгжлийн сангийн эрх зүйн үндсийг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хууль хэрэгжсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг тогтворжуулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн засаглал, ашигт ажиллагааг сайжруулах замаар төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлэх, одоо ба ирээдүй үед салбарын өгөөжийг тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ” гэсэн.

Харин хараат бус хөндлөнгийн судлаачид, эдийн засагчдын зүгээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд эргэн харах шаардлагатай цөөнгүй асуудлууд бийг хэлж, ярьж байсныг сануулъя. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hujaa(192.82.77.25) 2023 оны 01 сарын 23

shoohuuz

0  |  0
Юв(139.5.217.200) 2023 оны 01 сарын 23

Би энэ том албан тушаал хашиж чадахгүй гэдгээ чимхийн төдий мэдэрдэг болоосой . Муу мал

1  |  0
Irgen(70.187.210.175) 2023 оны 01 сарын 23

Erunhii said gyai syr yzyylj zarladag bolovch hiideg ajil ne yavahgyi hooson yarij shudarga dyrd toglood baina daa.ene hynd yamar erh medel dutah be dee.byh erh medliig avsan.hooson yarih heregyi.odoo oyunerdeniin syrtei loozung ard olon sonsoj itgehee bolisoon.ajlaa hii

1  |  0
Монгол инженер(202.131.230.162) 2023 оны 01 сарын 30

Баялагийн сангийн хуримтлалд, ковид, ковидын дараахи эдийн засгийн уналт нөлөөлсөн. Бас дээр нь оfftake гэрээг олноор байгуулсан нь өмнө авсан зээлийн төлбөр гээд саад бэрхшээл дэндүү олон.

1  |  0
Top