Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав.

Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Үүнээс гадна Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт буюу арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулахыг анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.218) 2023 оны 01 сарын 24

Төгрөгийн ханш уналтаараа дэлхийд тэргүүлж бна. Шинэ он гарснаас хойш гадаад зах зээлд долларбн ханш тогтворжиж дэлхийн бүх улсуудын мөнгөн тэмдэгтиын ханш чангарч бхад төгрөгийнх чангардаггүй юм аа гэхэд тогтворжиж ч чадахгүй үргэлжлэн унасаар бна. Одоо тун удахгүй кампучийн мөнгөн дэсвсгэртийн хойно бичигдэх болоод бна. Монголчууд ажлаа хийсээр бгаад л ядуучуудын эгнээ рүү орж бна.

0  |  0
Top