Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 4461 иргэн ТҮР ХАМГААЛАХ БАЙРААР үйлчлүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр /2023.02.02/ Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан байна.

Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төвлөгөөний талаар НҮБ-ын Хүн амын сангийн жендерийн мэргэжилтэн Л.Билгүүн, Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Хяналт, шинжилгээний мэргэжилтэн Ц.Алтантуяа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар ОУХЭЗБ-ийн төслийн зохицуулагч Н.Одонтуяа нар мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн онд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь дөрвөн зорилтын хүрээнд 41 ажил төлөвлөсөн байна. Үүнээс 100 хувь үнэлэгдэж хэрэгжсэн 26 ажил байгаа аж. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 735 хамтарсан баг 3998 кэйс дээр ажиллаж, шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар 4461 иргэн үйлчлүүлсэн байна. Хүүхэд хамгааллын тухай хууль зэргийн хэрэгжилтийг нэмэгдүүлэхэд 21 аймаг, есөн дүүргийн 390 гишүүнд сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн ЦЕГ-тай хамтран 60 сургагч багшийг бэлтгэн, 21 аймаг есөн дүүргийн 327 алба хаагчийн чадавхыг бэхжүүлсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд 1900 гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд хүрч үйлчилсэн гэх мэдээллийг тайландаа дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top