Д.Амарбаясгалан: Нээлттэй сонгон шалгаруулалтыг загвар болгож, төрийн бүх шатанд хэрэгжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.02.06/ "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтын дүн гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Нийт 2900 гаруй иргэн нээлттэй сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн байна. Эдгээрээс материалаа дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар тодорхой хэд нь хасагдсан. Шалгалтад 1215 хүн орсон. Төрийн зүгээс анх удаа бүх ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нийт 434 хүнийг ярилцлагад оруулж, хамгийн өндөр оноо авсан хүмүүс нь ажлын байрандаа очиход бэлэн болж байна. Шалгалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилласан. Засгийн газрын зүгээс анхны удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Үүнийг цаашид загвар болгож, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ойлголоо. 

Монголын төр илүү нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдлаа. Мэргэжлийн ур чадвартай, туршлагатай хүмүүсийг нь ажиллуулж чадвал бодитой үр дүнд хүрэх юм байна. Тиймээс энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит бодлого зохицуулалтын харьяа охин компаниудыг нээлттэй сонгон шалгаруулж, ажлын байраар хангадаг журмыг оруулна. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-н охин компаниудыг ажилчдыг нээлттэй сонгон шалгаруулдаг байх журмыг оруулж батлуулахаар ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(59.153.113.174) 2023 оны 02 сарын 06

Энэ юм харж ярихаас өөр юу чаддаг хүн бэ

0  |  0
Top