ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмыг батална

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.02.06/ "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтын дүн гарсантай холбогдуулан мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл тэрбээр "Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлийг арилгах, олон улсад өрсөлдөхүйц менежменттэй болгох зорилтын хүрээнд Эрдэнэс Монгол ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. 

Давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 иргэн бүртгүүлсэн нь төрийн өмчит компаниудад мэргэжлийн, чадварлаг хүний нөөц бүрдэх бүрэн боломжтойг харууллаа. 

Сонгон шалгаруулалтыг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулийн төлөөлөл бүхий олон талын өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Мөн хүний нөөцийн чиглэлийн мэргэжлийн байгууллагууд, их, дээд сургуулийн багш нар хөндлөнгийн ажиглагчаар хяналт тавьсан нь нээлттэй, шударга байдлыг хангахад томоохон хувь нэмэр болсныг дурдах нь зүйтэй. 

Цаашид төрийн өмчит компаниудад энэ жишгээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмыг батлах болно. Ингэснээр тус компаниудад танил тал, ашиг сонирхлоор томилогддог бус мэргэжил, ур чадвараараа сонгогдон ажилладаг болох боломжтой болно. Үүний үр дүнд төрийн өмчит компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, хүнд суртал, авлигыг зогсооход томоохон хувь нэмэр болно гэж үзэж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top