“Reisen & Caravaning” үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцлоо

2023 оны 02 сарын 13

Германы эдийн засгийн хүчирхэг хот Хамбург хотод 2023 оны хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан аялал жуулчлалын олон улсын “Reisen & Caravaning”үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцлоо.

Энэхүү үзэсгэлэн нь 1 дүгээр сарын сүүлээр Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотод болсон олон улсын “СМТ” томоохон үзэсгэлэнгийн үргэлжлэл  бөгөөд “Messe Stuttgart” компани ерөнхийлөн зохион байгуулж байна.

Хамбург хотод болж буй уг үзэсгэлэнд 40 гаруй орны 395 компаниуд 520 павильонд чөлөөт цаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ толилууллаа.

Уг үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог нь  олон үндэстний хүнсний үйлдвэрлэлийн 75 гаруй компани шинэлэг бүтээгдээхүүнээ үзэгчдэд танилцуулан, худалдаалж буйд оршиж байна. Үзэсгэлэнг нийт 70 мянга гаруй аялагчид үзэж сонирхох бөгөөд 3 жил завсарлаад дахин болж буй уг арга хэмжээнд тэд сэтгэл ханамжтай байна.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд уригдсан хүндэт зочдыг Монголын павильонд хүлээн авч мэндчилэв. Дэлхийн түүхэн хүн Чингис хааны үр удам, нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд орчин үед өв соёлоо хэрхэн уламжлан хадгалж байгаа, дэлхийн орчин үеийн хөгжилтэй мөн хэрхэн хөл нийлүүлэн хөгжиж буйг Монгол оронд очиж бодитоор үзэх боломжтойг тэрээр тодотгов.

Энэ үеэр Монголын үндэсний урлагийнхан морин хуур, уртын дуу, хөөмийт аялгууг эгшиглүүлэн, хүчит бөхийн үзүүлэн барилдааныг үзэгчид, аялагчдад тоглон сонирхуулав. Үзэсгэлэнд Монголын 3 компани, 2 байгууллага оролцож, эх орноо сурталчлан бүтээгдэхүүнээ санал болголоо.

Монгол Улс ХБНГУ-ын 3 томоохон хот болох Лайпциг, Штуттгарт, Хамбург хотуудад зохион байгуулагдсан олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ийнхүү “Түнш орон”-оор амжилттай оролцов. Нийт хагас сая орчим аялагчид, хэрэглэгчид эдгээр үзэсгэлэнг үзэж, ойрын жилүүдэд аялах улс, газруудаа сонгов.

Штуттгарт хотод болсон гол үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосныг сонордуулан, дэлхийн түүхтэй, үзэсгэлэнт байгальтай, нүүдлийн өв соёлтой орчин үеийн Монгол Улсад тавтай аялахыг уриалсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top