АЙЛЧЛАЛ: Харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийг БЭХЖҮҮЛНЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Засгийн тэргүүний айлчлалын хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг тоймлон авч үзэхээс өмнө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдая.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой ирэх гуравдугаар сарын 26-нд тохиох юм. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд тогтвортой ахиц дэвшил гарсаар өдгөө  “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн билээ.

 

Хоёр улсын харилцааны түвшин  хэрхэн ахиж дэвшиж өнөөдрийг хүрснийг тодотгоход:

 

  • “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” /2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/

 

  • “Иж бүрэн түншлэл” /2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/

 

  • “Стратегийн түншлэл” /2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний цахим уулзалтын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал/

 

“Стратегийн түншлэл”-ийн харилцаанд  тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр хоёр улс тогтсон юм.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдаж буй асуудлууд нь дээрх 5 тулгуур чиглэлийн хамтын ажиллагааг шат ахиулахад зорьж байна.

 

Түүнчлэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд  тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог гэдгийг хоёр улсын Засгийн тэргүүн нар өнөөдөр хэлэлцээ хийх үедээ тэмдэглэлээ. 

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотложээ. Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монгол Улсыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид Монгол Улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 

Монголын тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад энэхүү томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урьжээ. Солонгосын тал дагуул хот байгуулах Монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлсэн байна.

Мөн манай талаас Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал нааштай судалж, хамтран ажиллахаар болсныг тодотгоё.

Талууд Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгийн нөөцөөр  тэргүүлэх дэлхийн 10 орны нэгт тооцогддог бөгөөд Монгол Улсын байгалийн баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг нотложээ. Энэ хүрээнд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтжээ. “Ховор метал нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглэсэн байна.

БНСУ нь Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон юм. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний он жилүүдэд 270,000 ам.доллар байсан бол эдүгээ 2022 оны гүйцэтгэлээр 700 гаруй сая ам.долларт хүрээд байна. Цаашид хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор хамтарсан судалгааны үр дүнд суурилан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулах талаар талууд санал нэгджээ.

Мөн энэ удаагийн айлчлалаар  “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь айлчлалын чухал үр дүнгийн нэг болж байна.

Цаашид хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, төслийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь зүйтэй гэдэг дээр хоёр улсын Засгийн тэргүүн нар санал нэгджээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлж, манай улсад зорчих таатай боломж бүрдүүлсэн гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр дурдсан бөгөөд энэ удаагийн айлчлалын хүрээнд “Монголд зочлох жил”-ийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг Сөүл хотноо амжилттай зохион байгуулсныг онцолжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар тогтсон байна.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд “Монгол, Солонгосын бизнес форум” зохион байгуулагдсаныг онцлох нь зүйтэй юм. Тус форум нь бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, түүний дотор Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал түлхэц болсон гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон БНСУ-д суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүслээ.

Улмаар талууд иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийг байгуулахаар тогтсоныг тодотгоё. Энэ хүрээнд олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэх, эмчилгээний зэрэг хүмүүнлэгийн зорилгоор зорчих монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Мөн иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхээр болж байна.   

Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд хоёр улсын соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар санал солилцсон юм. Цар тахал, гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг эрүүл мэндийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг талууд тэмдэглэж, анагаах ухааны салбарт ажиллаж буй Монголын 1000 эмч, сувилагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах, сургалтад хамруулах хүсэлтэй буйгаа Монголын тал илэрхийлэв. Солонгосын тал саналыг нааштай хүлээн авч, богино, дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

Талууд бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаа нотлосныг тодотгоё. Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хоёр улс үргэлжлүүлэн хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаа тэмдэглэж, Солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлолоо. Солонгосын тал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.   

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр талууд  дараах 6 баримт бичигт гарын үсэг зурлаа.

 

1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.

Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.

 

2. Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулна.

 

3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

4. Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.

Талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд цэргийн нууцын зэрэглэл бүхий мэдээллийг харилцан хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарт албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

5. Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён гарын үсэг зурав.

Соёл, урлаг, кино үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозиум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6. Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top