Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.03.01) болж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН 210 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУДАЛДААЛААД БАЙНА
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг батлан хэрэгжүүлж байна.
Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.
С.БЯМБАЦОГТ: 2023 ОНД АРАВ ОРЧИМ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭ БАЙГУУЛНА
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам ая тухтай агаарын тээвэр, хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 39 оронтой Агаарын харилцааны хэлэлцээртэй бол 2023 онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
“2023 онд АНУ болон Австрали Улстай “Опен скай” агаарын хэлэлцээр байгуулна. Мөн энэ оны эхний хагаст Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )