Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Лос-Анжелес хотод боллоо.
Энэ удаагийн Оскарын наадамд Малайзын жүжигчин Мишель Йео Шилдэг эмэгтэй гол дүрийн алтан баримлыг анх удаагаа гардан авсан. Оскарын энэхүү гол номинацид ялалт байгуулсан анхны ази эмэгтэй, 60 настай Мишель Йеогоос гадна олны анхаарлыг татсан жүжигчид бол Вьетнам-Америкийн жүжигчин Ке Хюи Куан, Канад-Америкийн жүжигчин Брендан Фрэйзер нар байлаа. 1992 онд хамтдаа кинонд тоглож, Холливудад хамт гологдож, хоёулаа уналтад орж явсан тэд 31 жилийн дараа анхны Оскараа гардан авлаа.
95 дахь удаагийн Оскарын наадмын шилдгүүдийг нэрлэе.
Ке Хюи Куан: Би эхнэртээ амьдралаараа өртэй
Жүжигчин Ке Хюи Куан, Жейми Ли Кёртис нар Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагналыг “Everything Everywhere All At Once” кинонд бүтээсэн дүрээрээ авсан юм.
Жүжигчин Ке Хюи Куан Оскарын алтан баримлыг гардан аваад хэлсэн үгэндээ “Би эхнэртээ амьдралаараа өртэй. Мөрөөдөлдөө бууж өгөх гэж байсан надад эхнэр маань “Нэг л өдөр чиний цаг ирнэ” гэж 20 жил хэлсэн. Мөрөөдлөө амьд байлгаарай, биелэх цаг ирдэг юм байна” хэмээн нүдэндээ нулимстайгаар хэлсэн. Тэрбээр Холливудад гологдож, уналтад орж явсан жүжигчдийн нэг юм.
Хачирхалтай мэдрэмж төрүүлэм “Everything Everywhere All at Once” кино Оскарын наадамд хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэн билээ. Тус кинонд туслах дүр бүтээсэн Америкийн жүжигчин Жейми Ли Кёртис Шилдэг эмэгтэй туслах дүрээр анхны Оскараа гардлаа.
Брендан Фрэйзер: Намайг далайн гүнээс гаргаж ирсэн хүмүүст талархъя
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг эрэгтэй гол дүр номинацид Канад-Америкийн жүжигчин Брендан Фрэйзер ялалт байгууллаа.
1992 онд Ке Хюи Куантай хамт кинонд тоглож, хоёулаа уналтад орж, гологдож явсан тэд ийнхүү олон жилийн дараа хамтдаа Оскар гардан авлаа.
Ганцаардмал багш залуугийн дүрээр Оскарын алтан баримлыг гардан авсан Брендан Фрэйзер “Академид баярлалаа. Энэ шагналыг хүртэж байгаа минь нэр төрийн хэрэг. Надад “Whale” хэмээх том хөлөг онгоц руу орох олс өгсөнд баярлалаа. Та бүхэнд халимны дайтай том зүрх бий шүү. Та бүхэнтэй нэг төрөлд нэр дэвших нь нэр төрийн хэрэг байлаа” гээд “30 жилийн өмнө би кино ертөнцөд хөл тавьж байлаа. Би амжилтад тийм ч амархан хүрээгүй. Дассан байсан бүх зүйл минь алга болоход надад маш хүнд байсан. Далайн гүн рүү шумбаж буй намайг олсоор татаж буй мэт далай дээр гаргаж ирсэн хүмүүст талархъя. Гэр бүлийнхэндээ баярлалаа” гэсэн юм.
“Баруун фронтод нам жим” Шилдэг гадаад хэл дээрх кино болов
95 дахь удаагийн Оскарын наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кинонуудын нэг болох “Баруун фронтод нам жим” кино Шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд ялалт байгуулсан юм.
Эрих Мария Ремаркийн зохиолоор бүтээсэн энэхүү кино Оскарын Шилдэг зураглаач төрөлд ялалт байгуулаад байна.
“All Quiet on the Western Front” кино нийт есөн төрөлд нэр дэвшээд буй.
Мишель Йео: Том мөрөөдөж чадвал биелдэг юм байна
“Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эмэгтэй гол дүр номинацид нэр дэвшсэн Азийн нэрт жүжигчин, 60 настай Мишель Йео анхны Оскараа гардсан юм.
Академийн шагнал гардуулах ёслолоос анх удаа Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулсан ази жүжигчин "Яг одоо намайг үзэж суугаа бяцхан охид, хөвгүүддээ зориулж хэлэхэд, энэ бол найдвар, боломж гэж байдгийн гэрэлт цамхаг. Том мөрөөдөж чадвал биелж болдог гэдгийн баталгаа. Эмэгтэйчүүд ээ, хэн нэгэн чиний оргил үе өнгөрсөн гэвэл битгий тоо. Хэзээ ч битгий бууж өг. Энэхүү шагналаа ээждээ, дэлхий дээр байгаа бүх ээжүүддээ зориулж байна. Тэд л жинхэнэ супер баатрууд, тэд байгаагүй л бол бидний хэн ч өнөөдөр ингээд байж байхгүй байсан" гэв.
1980-аад оноос карьераа эхэлсэн Малайзын жүжигчин Мишель Йео нийт 60 гаруй кинонд дүр бүтээсэн. Тэрбээр 80 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмаас дээрх дүрээрээ Инээдмийн болон хөгжимт киноны шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм.
15 настайдаа Малайзаас Их Британид ирсэн түүнийг бид “Гэтэж буй бар, мярааж буй луу”, “Гейшагийн дурсамж”, “Шан-Чи ба 10 бөгжний домог” зэрэг кинонд бүтээсэн дүрээр нь сайн мэднэ.
“Everything Everywhere All at Once” Шилдэг кино боллоо
95 дахь удаагийн Оскарын наадамд хамгийн олон төрөлд буюу 11 төрөлд нэр дэвшсэн “Everything Everywhere All at Once” кино Шилдэг кино төрөлд ялалт байгууллаа.
Найруулагч Дэниэл Кван, Дэниэл Шайнерт нарын бүтээл “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн Оскарын наадмаас хэд хэдэн алтан баримлыг гардлаа. Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй туслах дүр, Эмэгтэй туслах дүр, Шилдэг эх зохиол зэрэг гол гол төрөлд ялалт байгуулсан энэхүү кино нь шинжлэх ухаан-уран зөгнөлт, хачирхалтай мэдрэмжээр дүүрэн бүтээл юм.
Бусад Шилдэг бүтээлүүд:
Шилдэг визуал эффект - “Aватар: Усны жим”
Шилдэг баримтат кино - “Навальный”
Шилдэг дуу оруулалт - “Top Gun: Maverick”
Шилдэг киноны дуу - “Naatu Naatu”, Каала Бхайрава, Рахул Сиплигуни
Шилдэг тайз засалт - “Баруун фронтод нам жим”
Шилдэг хувцас загвар - “Black Panther: Wakanda Forever”
Шилдэг хүүхэлдэйн кино – “Pinocchio”, Гюллермо дел Торо, Марк Густафсон, Гэри Унгар, Алекс Вурклеи
Сэтгэгдэл ( 0 )