О.Сүхбаатар: Усны тахилгыг сэргээвэл байгаль хамгаалахад нэмэртэй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Дэлхийн усны өдрийг угтан Чингис хаан их сургуулийн зөвлөх профессор, түүхч, судлаач О.Сүхбаатартай ярилцлаа.


-Жил бүрийн усны тооллогоор  өчнөөн гол мөрөн ширгэж, ундарга нь татарсан тухай мэдээлэл юм. Та бол монголчууд ус хамгаалж ирсэн уламжлалт бодлоготой гэдэг. Ямар бодлого байсан юм бэ?

-“Монголын нууц товчоо”-ны 177 дугаар зүйлд Чингис хаан 1203 онд “Алтан, Хучир хоёрт явуулсан захидалдаа “Хиад монголчуудын жинхэнэ уугуул нутаг нь гурван мөрний эх учраас тэнд хэнийг ч нутаглуулж болохгүй” гэж захисан байдаг. Учир нь Чингис хааны дээд язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно “Тэнгис далайг гатлан Бурхан Халдун ууланд ирж Онон мөрний эхэнд нутаглав” гэж “Монголын нууц товчоо” эхэлдэг шүү дээ. Тэгээд цааш Онон, Хэрлэн, Туул гол нь Бурхан Халдунаас эх авч байгааг, тодруулах юм бол гурван гол ойрхон нэг газраас эх авсныг олонтаа дурдсан нь бий. Гол үйл явдал, ялангуяа алтан ургийнхны уугуул нутаг нь гурван мөрний эх гэдгийг тодорхой зааж, онцгойлж үзсэн байдаг. Тэгэхээр яах аргагүй ариун дагшин газар байсан байгаа юм. Гэтэл тэрийг өнгөц ойлгосон зарим хүн үүнийг “Гадны хүнийг гишгүүлж болохгүй, бүү зорчуул, битгий явуул” гэхчлэн хэтрүүлэн тайлбарлах нь бий. Хүн үзэхгүй, очихгүй, харахгүй бол тэр газрыг гадныхан мэдэхгүй, сурталчлахгүй, нутгийнхнаас нь өөр хүн бишрэхгүй. Харин “Бүү нутаглуул” гэдгийг олон түмэнд тодорхой сануулж, анхааруулж байх ёстой юм. Өнөөгийн нөхцөлд энэ нь гадны хөрөнгө оруулалтгай компаниудыг тийш оруулахгүй байхаас эхэлнэ. Ер нь бол “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан бүх газрыг хамгаалалтад авч дархлах ёстой гэдгийг би олон жил ярилаа.

-Гурван гол гэж яриад байгаа нь  бусад улс орны нутаг дэвсгэрт байгаа том мөрнүүдтэй харьцуулсан ойлголт биз дээ?

-Тэгж ярьдаг ч монголчууд гурвууланг нь мөрөн гэж шүтэж, биширч ирсэн юм шүү дээ. Энэ дотроо Онон мөрөн одоогийн Монгол орны нутгаас гарч тухайн үеийн монгол овог аймгийн нэг, Жамухын эзэмшил байсан Жадран аймгийн нутгаар дамжин Хасарын эзэмшил байсан Ингэдэй /буриадаар Ангида, оросоор Ингода гэж нэрлэдэг/ мөрөнд цутгадаг. Ингэдэй нь Шилэн /Шилка/ мөрөнд цутгаж, Шилка мөрөн цааш Амар мөрөнд цутгадаг. Хятадууд Хар мөрөн гэж нэрлэдэг. Яагаад гэвэл их устай гол боловч маш цэнгэг. Онон гол ингэж их далайд хүрдэг учраас их мөрөн /бэр мөрөн/. Хэрлэн мөрөн бол эцэг гол учир нь Хэнтийн уулнаас эх авч зүүн Монголын нутгаар дамжин урсаж, тухайн үеийн монголчуудын нутаг, одоо ч монголчууд нутаглаж байгаа баргын Хөлөн нуурт цутгадаг.

Өөрөөр хэлбэл, Монгол нутаг дотроо шингэж байгаа гол учраас эцэг гол гэдэг. Туул гол нөгөө хоёроосоо хэмжээгээр бага, нэлээн богино. Ийм учраас охин гол гэж нэрлэдэг. Ер нь Туул, Тулуй гэдэг бага отгон, гэсэн утгатай юм. Хатан Туул гэдэг бол сүүлийн үеийн нэр. Онон мөрөнг Онон хатан ижий гэж нутгийнхан нэрлэдэг. Хэрлэнг “Хэрлэн мөрөн минь” гээд байхаас биш өөрөөр ярьдаггүй.

Хамгийн гол нь гурван голын эх газар нүүдэлчин монголчуудад, дөрвөн улирлаар малаа маллахад нь маш тохиромжтой.

Ган, зуд, уур амьсгалын бэрхшээл болох нь харьцангуй бага. Цаг хэцүүдсэн ч сэлгээд нүүх бололцоо ихтэй. Ган, зудад нүүдэлчид эрсдлээ гэхэд гурван жилийн дараа малаа хоёр дахин өсгөх байгалийн нөөц, бололцоотой газар. Өөрөөр хэлбэл, мал бүрэн устчихгүй. Хүнд үед гурван мөрний сав газрын аль нэг хэсэг рүү нүүгээд гарч чадах боломжтой. Энэ талаар “Монголын нууц товчоо”-нд ч цөөнгүй дурдсан байгаа. Хэрлэнгийн адаг руу нүүж байгаа, Туулын сав газар руу нүүж тэнд адуугаа өвөлжүүлж байдаг, Хэрлэнгийн тохойгоос урагш адуугаа өвөлжүүлж байгаа гэхчлэн тодорхой үйл явдлууд гардаг. Гурван голын эх бүхэлдээ ойн болоод хээрийн ан амьтнаар баян. Загас элбэг, усны болон агнаж болох шувууд олонтой. Төрөл бүрийн эмийн ургамал ургадаг, үслэг ан ихтэй байгалийн цогцолбор газар. Сибирийн ой болохоор хэтэрхий хүйтэн учраас эмийн ургамдын төрөл цөөн, ан амьтан ховор. Үүнээс урагш хээр тал явж байгаад цөлийн бүс залгадаг. Тиймээс ус ургамал, ан амьтан мөн цөөн байдаг. Эндээс хангайн нуруу л Хэнтийн нуруутай ойролцоо, үүнээс өөр нүүдэлчдийн амьдралд түшигтэй нутаг үгүй. Ийм учраас гурван мөрний эх газрыг хүндэтгэж, хожим алтан ургийнхнаас бусдыг бүү нутаглуул гэж Чингис хаан захисны гол учир нь тэр.

-Чингис хааны үеэс монголчууд  ус мөрөндөө ямар хүндэтгэл үзүүлж байсан юм бэ?

-Өнөөгийн залуус мэдэхгүй, мартаад байгаа болохоос монголчууд ус, голоо тахидаг, шүтдэг байсан. Ялангуяа мал сүргээ өсгөх, эд хөрөнгөө арвижуулахад усыг их тахидаг. Яагаад гэвэл ус амьдралын эх үүсвэр. Иймд гол, нуурыг тахидаг. Энэ заншил Дундад зууны үед ч гэсэн нэлээд үргэлжилсэн. Сүүлийн үед уул тахих нь их болж, гол нууруудыг тахих нь багасчээ. Дундад зууны үе хүртэл энэ тахилга үргэлжилж байсныг Орхон голыг тахиж байсан эх сурвалжууд гэрчилдэг. Мөн “Монголын нууц товчоо”-нд гардаг Харилт нуурыг Арван хангал хурж тахидаг болсноос хойш Хангал гэж нэрлэсэн жишээнээс нь харж болно. Туул, Хэрлэн, Онон голоо тахидаг ёс байсан. Харин нийтийн тахилга байхгүй. Айл өрхүүд цацлаа өргөдөг ёс заншил бол хадгалагдаж үлдсэн.

-Усыг тахихдаа ямар зан үйл үйлддэг байв?

-Монголчуудын усны тахилга тийм ч сүртэй биш. Малын шимээр бий болсон шимийн архиар цацал өргөдөг. Ингэхдээ усандаа огт хүрэхгүй, гол руу юм оруулахгүй, ерөнхий чигт нь эрэг орчим нь очоод байгаль дэлхийд нь өргөдөг. Хамгийн гол зорилго нь уул хангайгаа хайрлах, дээдлэх чин сэтгэл, хишиг гуйх хүндлэлийг агуулж ирсэн. Сүүлд Манжийн үед мөнгөн морь, мөнгөн ембүү хааяа өргөдөг болсон явдал бий.

Монголчуудын ёсонд бол чин сэтгэл, сүсгийг гол болгож, “Мал сүрэг, эд хөрөнгийг минь ус шигээ арвин байлгаж хайрла” гээд шимийн архиар цацал өргөдөг байсан. Мөн гол мөрнийхөө усыг ариун байлгахад анхаардаг байсан. Барууныхан монголчуудыг гол мөрний усанд орохоос айдаг, хориглодог гээд л ярьж, бичдэг. Гэтэл хүн, малгүй голоосоо шууд уудаг учраас хүндэлдэг байж.

Монголын “хар”, “хөх” гэж нэрлэсэн бүх гол, нуур нь амны ус. Ийм гол, нуурт усанд орохгүй, хувцсаа угаахгүй. Энэ нь усны ариун байдлыг хадгалж байгаа хэрэг. Түүнээс айгаад, эсвэл бохир заваандаа орохгүй байгаа юм биш ариулж буй юм.

Саяхан болтол монголчууд гол дээр шууд юм угаадагүй, тусгай сав түмпэнтэй очиж усаа зөөн ойрхон газар угаадаг. Бохир усаа тэнд байгаа аль нэг хонхор руу хийдэг. Монголчууд голыг ингэж ариулж, гурван мөрөнг хүндэтгэж, шүтэж, биширч ирсэн. Үүний илрэл гол, нуурын эх дээр босгосон овоонууд одоо ч байгаа.

-Гол усанд зориулсан ямар овоо хаана байдаг вэ?

-Хэрлэн голыг Хатны гол, Хэрлэн хоёрын бэлчир дээрээс тахиж байсан овоо одоо ч бий. Сүүлд жолооч нар цацал өргөдөг болсон. Олон гол, нуурын хамгийн өндөрлөг юм уу, хүн чөлөөтэй хүрч болох толгойнууд дээр Сант нэртэй овоо бий. Гурван мөрний эх нутагт бүгдэд нь тахилын жижиг овоонууд байгаа. Тэдгээр овоон дээр чулуунаас өөр юм байдаггүй. Зарим дээр нь шашин дэлгэрсэн үеэс сорогшин мод босгосон байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, монголчууд тахилын овооны дэргэд бие засдаггүй байсан. Одоо тэр ёс алдагдаж, уул овооны дэргэд машин тэрэгтэй очиж зогсоод нэг талаар хүндэтгэж тахиж буй юм шиг чулуу тавиад, нөгөө талаар доромжилж байгаа юм шиг ойрхон бие засчихаад явчихдаг болж. Цаашид энэ явдлыг цэглэх хэрэгтэй. Монголын сайхан ёсыг хэтэрхий эдүгээчилсэн, бодлогогүй байдлаар өөрчилж болохгүй.

Гол, нуурт хиртэй хувцсаа угаахыг тэвчих хэрэгтэй.

-Монголчууд “Хар ус харамлаж болохгүй” гэдэг. Энэ ямар учиртай үг юм бол?

-“Хар ус харамлаж болохгүй, ус амины үнэтэй” гэдэг. Энэ үгийг манайхан буруу ойлгоод байна. Хар ус харамлаж болохгүй гэдэг нь хүний амьтай зүйрлэсэн хэлц. Ангасан, цангасан хүн эхлээд өвдөнө, дараа нь үхнэ. Иймээс хүний амьтай зүйрлэж байгаа хар усыг харамлаж болохгүй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, тэр хүнийг аврах ёстой, цангаа, ядаргааг нь тайлах ёстой гэсэн үг. Гэтэл эсрэгээр нь хар ус элбэг юм, хамаагүй ханд гэсэн юм шиг буруугаар тайлбарлаад байна. Цэвэр усыг нүдний цөцгий мэт хайрлах ёстой.

Гурван мөрөн, түүний олон салаа, салбар голоос гадна хэд, хэдэн сайхан нуур бий. Нийтдээ 40 орчим нуур байдаг. Түүнээс одоо бидний олонх нь мэддэг Хар зүрхний хөх нуур маш тунгалаг устай. Тэнд Чингис хаан Бөртэ үжнийг дагуулан ирж гал голомтоо асаасан. Дараа нь Тэмүүжинд Чингис хаан гэдэг цол өргөмжилсөн. Өөрөөр хэлбэл, төрийнх нь суурь тэнд тавигдсан. Манайхаас бусад улсад тэр дархан цаазтай байх ёстой газар. Гэтэл өнөөдөр эрэгт нь тулгаад жуулчны баазууд байгуулчихсан. Мөн Байдлагын Хөх нуур гэж жижигхэн атлаа маш тунгалаг устай нуур бий. Тэмүүжин 300 мэргидээс зугтахдаа хажуугаар нь зугтаж амь гарсан. Байдлагын Хөх нуурыг Монголын чинээлэг хэсгийнхэн тахиж байсан.

-Гол нуурыг тахиж байсан тодорхой мэдээлэл байна уу?

-Сайн ноён хан, Засагт хан аймгийнхан Биндэръяа Хөх нуурыг тахиж байсан. Хүрээний баячууд, ноёд Есөн хөх нуур, Найман Сангийн далайн нуурыг тахидаг байсан. Энэ тахилгын хамгийн эхний бөгөөд ойрхон Хөх нуур нь Туулын эхэнд байгаа Хагийн хаг нуурын дэргэдэх Хөх нуур. Тэнд нэлээн хэдэн нуур бий. Мөнгөн нуур, Мөнгөнхөл нуур маш үзэсгэлэнтэй. Есөн хөх нуур, Найман Сангийн далайн нуурыг тахихдаа зүүн талынхыг Байдлагийн Хөх нуураас эхэлдэг байсан. Дараа нь Хар зүрхний хөх нуур, цаашаа Монгол орны хамгийн нам дор газар Дорнодын Хөх нуур, Халх голын наахна орших Хөх нуурыг тахидаг дараалалтай байсан. Үүний дараа Завханы Отгонтэнгэр хүртэлх бүх Хөх нуурыг тахиад, Баянхонгор, Архангайн Хөх нуруудыг тахидаг уламжлалтай байсан.

Хөх, Хар нэртэй бүх нуур хамгийн цэнгэг, тунгалаг устай, зарим нь рашаантай адилхан. Хүчилтөрөгчийн найрлага нь их байдаг учир жирийн уснаас өөр. Түүний дараа нутаг бүрт цэнгэг устай нуур байхгүй учраас давстай нууруудыг тахиж байсан. Давстай нуур нь малчин монголчуудад маш их хэрэгтэй, малыг туулгаж, төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг байснаас тэр. Мал хужирлаж, хужиртай нуурт оруулдгын гол ач холбогдол энэ.

Тиймээс бид өнөөдөр ёс заншлаа мартчихаж болохгүй, сэргээх хэрэгтэй. Сэргээхдээ зарим нь орхигдож, зарим нь гажиж байгааг анхаарах нь чухал. Иймд гурван мөрний эх, түүний Чингис хааны түүхэн үйл явдлуудтай холбогдох цутгалууд, гол нууруудыг тахих, цацал өргөх ёс заншлыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Нуурын тахилга маш хөнгөн, ихэнхдээ цацал өргөхөд болчихдог зан үйл юм.

-Гэхдээ “Тахилга хэтэрвэл тахалга болно” гэх үг өнөөдөр биеллээ олж байна. Жишээлбэл, шинийн 8-ны нар харна гээд  Алтан овоо, Шилийн Богд руу 30 мянган хүн 10 шахам мянган машин техник очиж газар нутгийг нь талхалж байна. Эрт цагт тахилгыг яаж зохицуулдаг байсан юм бол?

-Тахилгын ёсыг Богд хааны Засгийн газар маш сайн зохицуулж байсан. Жишээ нь, Хэнтий хан уул буюу өнөөгийн бидний Бурхан Халдун гэж нэрлээд буй уулыг тахихдаа “40 лам, нэг сайд оролцож, нутгийн иргэд тахина” гэж тодорхой заасан байдаг. Одоогийнх шиг хэдэн зуу, мянгаараа очиж тахлах юм байхгүй. Богд хан уул, Отгонтэнгэр хайрханыг тахихад төрийн сайд очихгүй, нэг орлогч сайд, 30 лам оролцоно гэсэн хуультай байсан. Өнөөгийн бид үүнийг хэтрүүлээд байна. Монгол төрийн тахилга гэж тэр үед байгаагүй.

Монгол төрөөс нутаг болгоны уул, хайрхан, гол горхи, байгалийг хайрлаж байх бодлого барьж, уул, гол, нуур болгонд цацал өргөж байхыг зарлигдсан. Өндөрийн овоонуудыг тухайн газар оронд амьдарч байгаа иргэд нийлж тахидаг. Өлийн овоог явж байгаа хүмүүс тахина, тэр нь давааны овоонууд. Өрхийн овоо гэдэг нь хэд хэдэн айлын өвөлждөг айлын ойр байгаа өндөрлөг газрын уул байна. Сүүлд шашин дэлгэрч, тахилгыг лам нар хийж эхлэх үед, 1937 оноос өмнөх лам нар өмдгүй байсан учраас морь унаж, Богд уулын орой руу явахад хүндрэлтэй тул наад талын намхан толгой, эсвэл аль нэг үзүүрийг нь тахидаг болсон. Үүнийг өвдөг овоо гэж нэрлэдэг, дээхнэ үед ноёд тахидаггүй байсан.

-Ус хамгааллын бодлого дутагдаж буй өнөө цагт гол  нуураа тахих ёс заншлыг  сэргээх талаас та санал хэлээч?

-Монголчуудын олон зуун жил нутаглаж ирсэн Гурван голын эх нутаг, түүний салаа салбар болсон гол, нууруудад хүндэтгэлийн ажлыг эхлүүлснээр нутгийн ард түмнийг ёс заншлаа сэргээхэд тустай. Нийт монголчуудыг байгаль хамгаалах уламжлалаа сэргээхэд нэмэртэй. Мөн тухайн бүс нутгийг жинхэнэ ёсоор нь хамгаалахад нөлөө үзүүлээд зогсохгүй олон түмэнд мэдлэг түгээх, соён гэгээрүүлэхэд ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top