Засгийн газраас "Сэлбэ сэргэлт" төслийн үзэл баримтлалыг дэмжлээ

2023 оны 03 сарын 22

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.


Тэрээр "Засгийн газрын хуралдаанд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцын талаар танилцуулсан.

"Сэлбэ сэргэлт" бол Улаанбаатар хотын ая тухтай орчин, хот тохижилт, хүмүүсийн түгжрэлд саатаж байгаа олон гацааг арилгах боломжит төсөл гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр явуулах ажлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж тус төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2023 онд явуулах, санхүүжүүлэх боломжийг судлах талаар Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Ч.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан.

Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Зураг төслийн ажлын асуудлыг хотын удирдлга, БХБЯ хамтарч ажиллахаар явж байгаа. Мөн энэ хүрээнд яригдсан асуудлын нэг нь холбоос замуудын асуудал байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хувьд нийслэлийн төсвөөр 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд олон ажлыг эхлүүлсэн байсан. Үүний 100 тэрбумаар нь боловсролын салбар, газар чөлөөлөлт, явган хүний зам, ундаг дугуйн замын ажлуудыг эхлүүлсэн байсан. Харамсалтай нь тэдгээр замын ажлууд энэ жил нөхцөл байдлаас шалтгаалаад төсөвт тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байсан. Үүний 342.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Нийслэлийн Засаг даргад даалгасан.

Энэ асуудлыг шийдсэнээр бид өнгөрсөн жил хийсэн ажлынхаа үр дүнг үзэх бололцоо гарна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top