ЗГ-ын гадаад зээлийн хагас нь төсвийн АЛДАГДАЛ НӨХӨХӨД зориулагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

“Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал” сэдэвт судалгааг Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв (МЭЗШСТ) төрийн бус байгууллагын судлаачид Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын захиалгаар гүйцэтгэжээ.

Уг судалгааны зорилго Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал ямар байгааг илрүүлж, түүнийг сайжруулах арга замыг олон улсын туршлагад үндэслэн санал болгоход чиглэжээ.

Судалгааны ажлаар Засгийн газрын гадаад зээлийн мэдээллийн 2000-2021 оны өгөгдлийг цуглуулж, бүтцийн шинжилгээ хийн Засгийн газрын богино болон урт хугацаат өрийн бүтэц, гадаад зээлийн хэмжээнд гарсан өөрчлөлт, түүний учир шалтгаан зэргийг тайлбарлахыг зорьжээ. Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт, аль салбарт ямар төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа, санхүүжилтийн дүн зэрэг мэдээллийг цуглуулж төслүүдийн үр дүнтэй байдалд дүгнэлт хийхийг оролдсон байна.  Улмаар дээрх төслүүдийн санхүүгийн ил тод байдлыг төсөв/гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээлэл агуулсан шилэн дансны мэдээлэл, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд үр дүнд суурилсан хяналт, шалгалт-үнэлгээ хийх зорилго бүхий Удирдлагын мэдээллийн систем (https://odamis.mof.gov.mn/)-ийн мэдээлэлд үндэслэн шинжилжээ. Судалгааны ажлын төгсгөлд бусад орнуудын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл болон төслүүдийн санхүүгийн ил тод байдлыг хэрхэн хангадаг тухай сайн туршлагыг Гүрж, Өмнөд Африк, Бразил, Мексик зэрэг төсвийн нээлттэй байдлын индексээр тэргүүлэгч улсуудын жишгээр судалжээ.

Дүн шинжилгээнээс үзэхэд сүүлийн жилүүдэд Засгийн газрын гадаад өр Монгол Улсын нийт гадаад өрийн ¼ орчим хэсгийг эзэлж байна. 2021 оны эцсийн байдлаар Засгийн газрын урт хугацаат өрийн бичгийн үлдэгдэл 2.7 тэрбум доллар байгаа бол урт хугацаат зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум доллар байна.

Урт хугацаат зээл 2011 он буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 3 дахин өсжээ. 2018-2020 оны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн шинжлэхэд гадаад зээлийн 44.1 хувийг төсвийн дэмжлэг, 16.5 хувийг зам, тээвэр, 7.2 хувийг эрчим хүч, 5.3 хувийг усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувийг эрүүл мэнд, 2.5 хувийг боловсролын салбарт тус тус зарцуулжээ.

Гадаад зээлийн хөрөнгийн үндсэндээ тал орчмыг нь нийгмийн халамжийн зарлагын өсөлтөөр нөхцөлдсөн сангийн тэлэх бодлогоос үүдэлтэй нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зарцуулж байгаа нь эдийн засгийн бодит салбарыг дэмжсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийг бууруулахад хүргэж байна.

Монгол Улсын 2018- 2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нийт санхүүжилтийн дүнгийн 23.7 хувийг 2018 онд, 14.8 хувийг 2019 онд, 20.4 хувийг 2020 онд тус тус гадаад зээл, тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 2018 онд 87.6, 2019 онд 30.4, 2020 онд 55.2 хувийг тус тус санхүүжүүлсэн нь гадаад зээлийн хөрөнгө улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их хэмжээгээр ашиглагддаг гэдгийг харуулж байгаа юм.

Энэхүү судалгаанд гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж буй 109 төсөл, арга хэмжээг хамруулснаас 2018-2021 онд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн дунджаар 60 гаруй хувийг Шилэн дансны системд ил тод, нээлттэй байршуулсан байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-үүдийн шилэн дансны 2021 оны мэдээллийг шалгахад “Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт”-ийг 51 хувь нь огт байршуулаагүй байна. “Өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан тайлан” гэсэн мэдээллийг 109 төсөл, хөтөлбөрийн 61 хувь нь бүрэн бус оруулсан. “Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл”-ийг 42 хувь нь бүрэн бус байршуулсан бол “Худалдан авах ажиллагааны тайлан”-г 41 хувь нь огт байршуулаагүй байна. “Тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт” гэсэн мэдээллийг дөнгөж 3 хувь нь бүрэн байршуулсан бол 66 хувь нь бүрэн бус мэдээлэл оруулжээ.

Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд үр дүнд суурилсан хяналт, шалгалт-үнэлгээ хийх зорилго бүхий Удирдлагын мэдээллийн системийн мэдээллээс үзэхэд төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хангалттай байгаа мэт боловч үнэн хэрэгтээ төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлууд нь одоо хийгдээд дууссан эсэх, ямар төсөв хөрөнгө зарцуулагдсан, хэр чанартай гүйцэтгэсэн зэргийг нэгтгэсэн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлагнадаггүй хэвээр байна. Олон нийт дээрх бүх мэдээллийг нэг бүрчлэн үзэж хооронд нь харьцуулах, англи хэлээр байгаа төслийн баримт бичгийг орчуулж уншихгүй нь түгээмэл тул гэрээний үнийн дүнгийн хэдэн хувь нь зарцуулагдсаны үр дүнд төсөл, арга хэмжээний ажлын аль хэсэг нь хийгдсэн тухай мэдэх боломжгүй юм. “Олон улсын төсвийн түншлэл”-ийн Төсвийн нээлттэй байдлын судалгааны 2021 оны дүнгээр төсвийн ил тод байдлаар тэргүүлэгч орнуудын туршлагаас үзэхэд гадаад зээлийн санхүүжилтийн мэдээллийг улирал болон жилийн давтамжтайгаар хүснэгт болгон татаж аваад нэмэлт боловсруулалт хийх боломжтой нээлттэй өгөгдөл хэлбэрээр, төдий л олон мэдээллийн нэгжгүйгээр түгээж байна.

Судалгаанаас гарсан дээрх үр дүнгүүдэд үндэслэн Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдлыг сайжруулахтай холбоотой дараах санал, зөвлөмжийг судлаачдын зүгээс боловсруулжээ.  Үүнд:

Мэдээллийн агуулга, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр:

• Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн санд төсвийн мэдээллийг тухайн санхүүжилтийг зарцуулан хийж буй ажлын гүйцэтгэлтэй нь холбож мэдээлэх, ажлын явцын талаар үнэн, бодитой, цаг үеийн мэдээлэл бүрэн оруулах;

• Шилэн дансны тухай хууль болон журмын хэрэгжилтийг тууштай хангуулж, шилэн дансны системд мэдээлэл оруулагч болон иргэдийн мэдээлэл ашиглалтыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх (өгөгдлийн тэмцээн, судалгааны ажлын уралдаан зарлах гэх мэт).

Мэдээллийн хэлбэрийг сайжруулах чиглэлээр:

• Төсөв, санхүүгийн болон төсөл, арга хэмжээний ил тод байдлын системүүд дээр байршуулж буй мэдээллийг олон нийтэд зориулж аль болох боловсруулалттай, энгийн, ойлгомжтой хэлбэрээр (инфографик, хөдөлгөөнт дүрслэл, газрын зураг дээрээс харах гэх мэт) иж бүрэн, нээлттэй өгөгдлийн стандартын дагуу тайлагнах;

• Засгийн газрын гадаад зээл болон гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн үр дүн, зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг Сангийн яам, эсвэл Эдийн засаг, хөгжлийн яам жил бүр товхимол гарган олон нийтэд түгээж (цаасаар байх албагүй) ил тод байдлыг хангаж хэвших.

Гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр:

• Гадаад зээлийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зарцуулж, эдийн засгийн бодит салбарыг дэмжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой байсан эх үүсвэрийг хомсдолд оруулж байгаа ужгирсан буруу зуршлыг төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлыг бууруулах замаар зогсоох;

• Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангаагүй төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгааг нэн даруй зогсоох зэргийг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top