Эрх баригч тэргүүтэй улс төрийн намууд Үндсэн хуулийг өөрчлөх, улмаар сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тал дээр байр сууриа нэгэнт нэгтгэжээ. Энэ тухайд улс төр судлаач, эрдэмтэн мэргэд ч дуу хоолой нэгдсэн байна.
Олон улсад манай улсын парламентыг 76 гишүүнтэй, нэг танхимтай жижиг парламент гэдэг. Цөөн хүн хууль батлахын хэрээр янз бүрийн явцуу эрх ашигт тохирсон хууль батлах явдал нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ нь Монгол Улсын парламентаас гарч буй шийдвэрийг савлагаатай болгоод байгаа гэх мэт шүүмжлэл ч байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог сонгуулийн насны хүн амыг төлөөлж чадахуйц хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой болов уу. Нөгөө талаар 20-30 хүн нийлээд хууль баталчихаж байгаа нь үндэсний эрх ашигт ихээхэн харшилж байгаа хэрэг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гээд өдгөө эрх баригч намыг удирдаж буй албан тушаалтнууд ч “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож байж нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлдөг болно” гэж буй. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хэд хэдэн шалтгаан бодитоор үүссэнийг дурдъя.
Нэгдүгээрт Мажоратори буюу жижиг тойрогт намуудын санал ихээр гээгддэг. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудад бус нэр дэвшигчдэд санал өгдөг. Томсгосон зарчмаар сонгуулиа явуулахаар улс төрийн намуудад өгсөн сонгогчдын санал гээгдэхгүй. Нөгөө талаар худалдагдахгүй. Түүнээс бус парламентад олонхи болсон нам байгаа ч нийт сонгогчдын саналыг хувиар авч үзэхээр 40 гаруйхан хувийн санал авсан байх жишээтэй.
Хоёрдугаарт Жижиг тойрог дээр нэр дэвшигчид сонгогчдын саналыг мөнгө, бэлэг сэлтээр худалдан авах хандлага үүсээд удсан. Өдгөө 10 хүрэхгүй мянган хүний саналаар парламентад бүхэл бүтэн аймгийг төлөөлж байгаа гишүүн бий. Энэ нь сонгогчдын саналыг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Харин томсгосон тойрог дээр сонгогчдын саналыг худалдан авах боломжийг хаах юм.
Гуравдугаарт Сүүлийн 30 жилд хоёр нам ээлжлэн төрийн эрх барьж ирсэн нь ардчилсан үнэт зүйл, бусад зарчмаасаа ухарсан хэрэг болсон. Олон ургальч үзэл санаатай, олон намын системтэй нөхцөлд буруу замаар явж байгааг тал талаас шүүмжлэх болсон.
Дөрөвдүгээрт Гишүүдийн тоог 152 болгосноор бүх талын төлөөлөл парламентад орж ирэх нөхцөл бүрдэх, энэ нь сонгогчдынхоо эрх ашгийг парламентад бүх талаар төлөөлөх боломж бүрдэх юм. Өнөөдөр Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 36 нам байгаа ч ердөө хоёрхон нам сонгогчдоо төлөөлж байгаа нь өрөөсгөл юм.
Тавдугаарт Судлаачид хоёр их гүрний дунд орших жижиг буурай орны хувьд парламентын төлөөллөө нэмэх нь үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөөтэй гэдгийг хэлж байна. Тухайлбал, манай улсын стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт өөрийн талд хууль батлуулах гэсэн харийнханд бол маш амархан аж. Учир нь тэд гол төлөв нэг намын 50 хүнийг тус бүр нэг сая ам.доллараар худалдаад авах боломжтой аж. Харин олон намын төлөөллөөс бүрдсэн 152 гишүүнийг худалдаж авахад амаргүй гэдгийг ч хэлж байна.
Нөгөө талаар Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах, парламентын гишүүдийн тоо хэд байх тухай эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн танхимын дэд профессор Н.Ууганбаатар “Математик аргачлалаар авч үзвэл УИХ-ын гишүүний тоо 76 байх юм бол улс төрийн 2.3 намын төлөөллөөс бүрдэнэ гэсэн тооцоо гарч байгаа. Бодит байдал дээр ч ийм байна. 1990 оноос хойш хоёр нам ээлжилж төр барьдаг, цөөн хэдхэн хүн л УИХ-ын гишүүн болж байгаа. Тэгвэл гишүүдийн тоог нэмснээр хоёр нам ээлжилж төр барьдаг, намын нэрээр л парламентад орж ирдэг байдал өөрчлөгдөнө. Гишүүдийн тоо 152 байх улс үндэстний эрх ашигт ч хэрэгтэй” хэмээсэн.
Тэгвэл доктор, дэд профессор Д.Бумдарь “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмснээр олон зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, төсөв хувирлалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Өнөөгийн 76 гишүүн зөвхөн тойргийн төлөө ажилладаг. Тэгвэл гишүүдийн тоог нэмэхээр хөгжлийн бодлогын төлөө, мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллана. Сана оноогоо ямар нэг лоббигүй уралдуулна” гэлээ.
Мөнхүү АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Бид өөрсдийнхөө гишүүдийг л парламентад оруулах, эсвэл Германы загварыг нутагшуулах гэж улайраад байгаа юм биш. Угаасаа гишүүдийн тоог нэмэх эрэлт хэрэгцээ байгаа. Өмнө нь ч бид 76 гишүүнтэй байгаагүй. 1911 онд Үндэсний тусгаар тогтнолыг сэргээн мандуулаад монголчууд Улсын дээд, доод хурал гэдгийг байгуулсан. Хоёр танхимтай парламент байгуулаад тавхан яамыг зохион байгуулсан байдаг” гэжээ.
Нөгөө талаас "МЭК" судалгааны төвийн захирал, судлаач Л.Золбаатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөх санал гараад байгаа. Холимог тогтолцоо бол одоогийн нөхцөлд хамгийн зөв, боломжит шийдэл болж таарна. Их хурлын гишүүдийн тоог нэмэх мөн л зөв шийдэл. Энэ бол 1990-ээд оны эхээр гарсан 76 гэдэг тоо шүү дээ. Түүнээс хойш хүн ам хичнээн нэмэгдсэн. Тоог нэмснээр нэг гишүүнээс хамаарах хамаарал буурах юм. Харин түүнтэй холбоотой зардлаа барьж болно” хэмээх байр суурийг тус тус илэрхийлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
10 saya hyntei ulsiin Parlament 2 tanhimtai, 200 gushyyntei baina.\nNam nertei 76 Aluurchin hulgaich luivarchin gemt heregtnyydiig araihiij mongolchuud tejeej baina
Цөөн хүн амтай улсад тийм олон Данхар хоосон олон хэрэггүй дээ цөөхөн ухаантай мэдлэгтэй сэтгэлтэй хүмүүс байхад хангалттай харин ч цөөлөх хэрэгтэй
Үндэсний аюулгүй байдал ярьж толгой угааж гишүүдийн тоо нэмнэ гэвэл худлаа шүү. 76 гишүүн байвал гадаадад худалддагддаг 152 болвол худалддаггүй гэдэг сонин байна. Нэг эх оронч байсан ч худалддагдахгүй. Гишүүн хүндээ л байгаа юм шүү пээ
Өө, нэмэх тэмдэг гардаггүй юм байна!
4 4 = 8 холимог мандаттай гэж залруулж уншаарай
Үргэлжлэл: мажоритороор, үлдсэн 60 нь намын суудалд сонгогчдын өгсөн саналын эрэмбээр нам намдаа жагсаж авсан сууплын тоогоор нь таслагдан сонгогдох хэрэгтэй. Ингэж байж л ” мөнгөний ”сонгуулиас, ”жалга довны” гишүүдээс, намын ” суганы үснүүдээс” салах болноо
1992 онд 76 гэсэн тоог 28.000 - 30.000 хүн амаас 1 суудал байхаар тогтоосон . тэр үед хүн ам 2.154. 646 байсан. Одоо 3.600.000 орчим. Иймд 120 гишүүнтэй болох нь Үндсэн хуулийн суурь үзэл санаа мөн, Хүн ам 5 сая болоход тоог 170 гишүүнтэй болох биз. Нам жагсаалтаа ” сугандаа ” хавчиж биш, бүх гишүүдээ тойрогд дэвшүүлж сонгогчдын өгсөн саналын эрэмбээр 60 нь олонхийн саналаар, нөгөө 60 нь намуудад сонгуулиар ногдсон суудалд мөн эрэмбээрээ жагсаж сонгогдох ёстой. Монгол хүн ам нь харьцангуй тэнцүү холимог 4 4 мандаттай 15 тойрогт хуваагдаж сонгууль явагдах, тойрог бүрээс 4 , нийт 4×15= 60 нь
Бууны нохой гэж ямар утгатай болохыг мэдэх үү?