Ч.Хүрэлбаатар: 14 сая тонн нүүрс экспортолж, валютын нөөц 3.438 тэрбум ам.доллар хүрлээ

2023 оны 04 сарын 05

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

(2023.04.05)


Тэрээр "Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гарснаас хойш зургаан сар болсон байна.

Тухайн үед Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар болж унасан байсан. Валютын нөөц одоо гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.438 тэрбум ам.доллар болоод байна.

Үүнд хэд хэдэн зүйл нөлөөллөө.

Нэгдүгээрт, өнгөрсөн зургаан сарын хугацаанд олборлохоос эхлүүлээд хилээр гарах хүртэлх бүх экспортыг цахимжуулсан. Бүгд гааль, татварын цахим бүртгэлд бүртгэгддэг болсон.

863 гэрээ бүртгэгдэж, эдгээр гэрээний дагуу Монгол Улсын нүүрс экспортлогдож байгаа.

Хоёрдугаарт Монгол Улс эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн байна. Цар тахлын өмнөх буюу 2019 онтой харьцуулбал 2.5 сая тонноор нэмэгдэж гарсан. Энэ бол үндсэндээ валютын нөөцийг бүрдүүлэх, нүүрстэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилгууд үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

Гурав дахь үр дүн нь нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржээр бүтээгдэхүүнээр зарахдаа өрсөлдөөн оруулж байна. Үүнээс гадна нүүрсээ хил үнээр борлуулж байгаа.

Долоодугаар сарын 01-ээс Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг биржээр зарах учиртай. Үүнээс наана нь туршилтаар хийгдээд явж байгаа биржийн арилжаанууд амжилттай явагдаж байна.

Үндсэндээ Эрдэнэс тавантолгой, Тавантолгой, Энержи ресурс гэсэн гурван компани нийтдээ өнөөдрийн байдлаар 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байгаа.

Нэг тонн нь 100 орчим доллараар зарагддаг байсан нүүрс 180 орчим доллараар зарагдаж байна. Нэг тонн нь 9.5 ам.доллараар зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам.доллараар зарагдаж байх жишээний эерэг, нааштай зүйлүүд гарч байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
idk(192.82.71.66) 2023 оны 04 сарын 05

Хүрэлбаатар хулгай хийчэх вий дээ

0  |  0
Top