Монгол Улсад ирэх ОХУ-ын алдартай 16 уран гулгагч дунд уран гулгалтын бүжгийн хос, олимп, дэлхийн аварга Никита Кацалапов, Виктория Синицина нар багтаж байгаа билээ.
Амралтын өдрүүдэд “Мөсөн өргөө”-нд үзүүлбэрээ үзүүлэх тэд мөсөн талбайд төдийгүй амьдрал дээр хосууд юм.
2014 оноос эхлэн хамт гулгасан тэд өнгөрсөн аравдугаар сарын 2-нд хуримаа хийсэн билээ. 2015 оноос үерхэж эхэлсэн ч хайр сэтгэлийн харилцаагаа нууж байсан тэд 2022 оны тавдугаар сард сүй тавьсан юм.
Тэд одоо хамтдаа маш аз жаргалтай байгаа аж.
Өмнө нь Елена Ильиныхтэй хамт гулгаж, багийн төрөлд мөн л олимпын аварга болж байсан Никита Кацалапов хайртай бүсгүйдээ өвдөг сөгдөн сүйн бөгж барьсныхаа дараа цахим хуудсандаа “Тэр надад зөвшөөрлөө! Би үүнийг удаан мөрөөдсөн... Бөгжөө эртнээс бэлдээд биедээ авч явангаа энэ мөчийг хүлээж байсан юм. Би ухаангүй аз жаргалтай байна! Бид ухаангүй жаргалтай байна” гэж бичсэн билээ.
27 настай Виктория Синицина, 31 настай Никита Кацалапов нарын үзүүлбэр бүр хайр дурлал, хүсэл тэмүүллийг мэдрүүлж, гайхалтай байж чаддаг.
Мөсөн талбайд хамтран гулгагчид байж, бие биенээ хурцалж, нөхөж чаддаг тэдний хувийн амьдрал тусдаа бөгөөд нууцлаг байдаг. Хайр сэтгэлийн харилцаагаа нууж чаддаг байсан тэдний мөсөн талбай дахь үзүүлбэрийн дараах халуун тэврэлт, Никитагийн Виктория руу харах харц нь өөр зүйлийг өгүүлдэг байв.
2022 оны Бээжингийн олимпын аваргын тааварт орж байсан тэд багийн төрөлд аваргалж чадсан ч бүжгийн хосын төрөлд Францын бүжгийн хосод ялагдан мөнгөн медаль зүүсэн юм.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )