Талын дэвжээ, үзэгчдийн сэтгэл хөдлөл Оросын уран гулгагчдад сюрприз байв

2023 оны 05 сарын 10

СУУДАЛ ДҮҮРЭН ҮЗЭГЧ, МЭРГЭЖЛИЙН ТҮВШНИЙ ФЕНҮҮД

 

ОХУ-ын уран гулгалтын оддын тоглолт тавдугаар сард Улаанбаатарын Мөсөн өргөөнд болно гэсэн сураг өнгөрсөн өвлийн дундуур сонсогдож олон хүн түүнийг үзэхсэн гэсэн мөрөөдөл тээсэн билээ. “Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө” тодотголтой Талын дэвжээ Steppe Arena үзэгчдийн энэ хүслийг гүйцээж саяын амралтын хоёр өдөр ганц ч сул суудалгүйгээр оддын уран гулгалтыг үзэцгээлээ.

Тоглолтын билет бараг сарын өмнө зарагдаж дууссан тул орох хаалганы гадна талд илүү тасалбарыг ямар ч үнээр хамаагүй авъя гэсэн хүн нэг бус тааралдаж байв. Эхлэх хугацаанаас бүтэн цагийн өмнө суудлын хагас эзнээ олж, тоглолтын тов болоход бүрэн дүүрсэн байснаас харахад хүлээлт ямар их байсныг гэрчилнэ.

Олон улсын Олимпын хорооны стандартад бүрэн нийцсэн Мөсөн өргөө хаанахын ямар ч тоглолтыг хүлээн авахад бэлэн гэдгээрээ монголчуудын нүүрийг тахлах онцгой бүтээн байгуулалт болсныг дахин мэдрэх үнэхээр тааламжтай. Түүнээс гадна манай үзэгчид мэргэжлийн түвшний хөгжөөн дэмжигчид гэдгээ үзүүлж, алга ташилт, уухай таслалгүй суудал дээрээ өндөлзөн Талын дэвжээг доргиосон нь уран гулгагчид хамаг техник, ур чадвараа дайчлан харуулахад нөлөөлсөн гэж хэлж болно. Нэгдүгээр сарын сүүлээр болсон Япон-Монголын уран гулгагчдын тоглолтын үеэр тамирчдад бэлэглэх зөөлөн тоглоом хэрэгтэйг үзэгчид сануулж байсан ёсоор Мөсөн өргөө тоглоом борлуулах тасагтай болж. Тэр нь байдаг л нэг бамбарууш, туулай бус, таван хошуу төл малын дүрстэй, унага, ботго, хурга, тугал, ишигхэнийг мөсөн дэвжээ тийш шидэж, түүнийг нь манай ирээдүйн уран гулгагчид болох ган тэшүүр, дэрэвгэр даашинзтай бяцхан охид эвсэлтэй нь аргагүй гулган явж түүж байсан нь өхөөрдөм.

Яармагийн дэнжид бөх харж уулгалан өндөлздөг байсан монголын үр сад өдгөө мөнөөх наадмын дэнж дээрх Мөсөн өргөөндөө уран гулгалт үзэн уухайлах нь бас нэг бахархал байлаа.

 

ХӨГЖИМ ЗОГССОН Ч ХӨГ ХЭМНЭЛ ТАСАРСАНГҮЙ

Монголын залуу уран гулгагч О.Мишээл үзүүлбэрийг нээсэн юм. Түүний уян налархай хөдөлгөөн, бас ч зарим нарийн элементүүдийг гүйцэтгэж байсан нь  ирээдүй байгааг харууллаа.

2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүх Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко, Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник, 2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев, Аделия Петросян, Софья Акатьева, Евгений Семененко, Марк Кондратюк нар ганцаарчилсан, Европын хошой аварга, ”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова- Владимир Морозов, 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова-Дмитрий Козловский, Анастасия Мишина-Александр Галлямов нар хос тоглолт үзүүлсэн юм. Харин Оросын шилдэг өсвөрийн тамирчин 13 настай Арсений Федотов бэлтгэл дээрээ гэмтэл авч мөсөн талбайд гарч чадсангүй.

Уран гулгалтын өндөр түвшний тамирчид монгол үзэгчдэдээ мартагдашгүй гайхамшигт үзүүлбэрийг дараа дараалан харуулж байв. Нөгөө л сальхов, аксель, тулуп, риттбергер, флип, лутц юу юу ч билээ элементүүдийг бүгдийг онцгой гүйцэтгэсэн тэднээр бахархахгүй байхын аргагүй.

Эдний дундаас алдарт Камила Валиеваг яалт ч үгүй онцгой. Тэрээр эхний үеийн төгсгөлд гарч ирэн үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлэв. Түүний  Бээжингийн олимпын наадамд харуулж байсан үзүүлбэрийн дундуур хөгжим нь тасарсан юм. Гэвч Валиева ганц эгшин ч эргэлзсэнгүй, гайхамшигт тоглолтоо харуулсаар маш амжилттай дуусгалаа. Хөгжим тасарсан ч үзэгчдийн алга ташилт, уухайн хөг хэмнэл, урам, дэм дунд тэрээр гайхалтай сайхан үзүүлбэр харуулсан. Хоёрдугаар хэсгийн эхэнд Валиева үзэгчдээ хүндэтгэн тоглолтоо хөгжимтэйгээр давтан дахиад л бөөн алга ташилт уухайгаар шагнуулав.

Хар даашинзтай Камила Валиева оддын тоглолтыг хааж “Wednesday” цуврал киноны Уэнсдэй Аддамсын алдарт бүжгийг гялалзтал үзүүллээ. Энэ удаа ч тэрээр үнэхээр гайхамшиг байж чадлаа.

 

САРААГИЙН “АМЬДРАЛ” ДУУ БА ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХӨГЖМИЙН АЯНД БҮЖСЭН МОНГОЛ ЦАМЦТАЙ ОРОС ЗАЛУУ

 

Хос уран гулгагч Анастасия Мишина-Александр Галлямов нар дуучин Б.Сарантуяагийн “Амьдрал” дууны аялгуун дээр уран яруу үзүүлбэр харуулсан нь олныг уяруулж чадлаа. Ялдам хайр, амьдралын гүн ухаарлыг суудал дээрээс өндөлзүүлсэн эргэлт, налалт, үсрэлт, бүжгийн хөдөлгөөнтэй хослуулан бас нэг гайхамшгийг тэд харуулав. Елизавета Туктамышевагийн тоглолт дээр ч монгол аялгуу орж ирж байсан.

Өөр нэг гайхалтай үзүүлбэр нь монгол малгай, цамцтай Марк Кондратюкийн тоглолт байв. Нум сум харваж буйг харуулсны дараа малгайгаа хүндэтгэлтэйгээр хоёр гардан дасгалжуулагчдаа өгөөд хуучин нэрээр баруун Германы “Чингис хаан” хамтлагийн ижил нэртэй дууны аянд хурц дайчин үзүүлбэрийг харуулж өгсөн дөө. Энэ дууг хуучин нийгмийн үед орос манай хоёрт хорьдог байлаа.

Оюутан байхдаа бид Свердловск хотод Тусгаар тогтнолын өдрөөр үдэшлэг хийж, түүн дээрээ “Чингис хаан” дууны ая дээр бүжиглэсэн биш бүгд улс төрийн хам хэрэгтэн болох шахаж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр “хөрөнгөтөн” Германы “Чингис хаан” дууны аянд монгол цамцтай орос залуу монголын омголон дайчдыг харуулан мөсөн дээр агсран бүжихийг хардаг байж. Үнэхээр сонин, содон, гайхалтай байж үзэгчид мөн л суудал дээрээ тогтолгүй бараг даган бүжив.

 

ОРОСЫН ТАЛ НУТАГ БА ЦАСАН ДАЙД МӨСӨН ДЭЭР АМИЛЛАА

 

Үзүүлбэрийн золхиомж үлэмж баялаг байсныг дурдууштай. Сонгодог уран гулгалтаас гадна спорт бүжиг, орос ардын аялгуун дээр оросын тал нутаг, шинэхэн ногоо ханхлах мэт санагдах нуга хөндий, цасан дайдыг харуулсан дэвжээнээ орос үндэсний язгуур урлагаас ч үзүүллээ. Мөсөн талбарт ямар ч дүр дүрслэлийг дээрээс өгсөн гэрэл тавилтаар ойлгон харуулж чаддагаараа гайхалтай.

Александра Бойкова-Дмитрий Козловский нар Свиридовын “Цасан шуурга” бүтээлийн ая дээр оросын өвөл, залуу насыг дүрслэн гулгасан бол Дмитрий Алиев хээр талд налайн хэвтэж, бас дүүлэн бүжих томоогүй гэнэхэн залуугийн дүрийг бүтээв. Аделия Петросян ч алчуур нөмөрсөн зоргоороо танхилхан орос бүсгүйг харууллаа.

Ийнхүү Оросын уран гулгалтын оддын тоглолт үзэгчдийн удаан хүлээсэн хүлээлтийг бүрэн гүйцээж, сэтгэл ханамжийг дээд зэргээр хүртээж чадав. Тэдний тоглолтыг багцлан хэлбэл “Гайхалтай, гайхамшигтай” гэх үг ч багадна. Ёстой л нөгөө “Үүнийг гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ” гэдэг шиг. Нөгөө талаас Монголын нийслэл дэх Талын дэвжээ-Мөсөн өргөө, монгол үзэгчдийн сэтгэл хөдлөл, уухай түрлэг, дэмжлэг оросын уран гулгагчдад хүлээж байгаагүй сюрприз байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.248) 2023 оны 05 сарын 12

Нүдэнд харагдтал гоё бичжээ

0  |  0
Иргэн(203.98.76.176) 2023 оны 05 сарын 11

Уран гулгалтын оддын тоглолт маш сайхан болж үзэгчдийн нүд, сэтгэлийг үнэхээр баясгалаа. 66 .181.160.65 ”сэтгүүлч сайхан бичжээ” гэж магтжээ. Нээрээ сэтгүүлч үнэхээр сайхан бичсэн байнаа. Зарим нь ч хэцүү шүү дээ\n

0  |  0
Зочин (66.181.160.65) 2023 оны 05 сарын 11

Сэтгүүлч сайхан бичжээ. Баярлалаа.

0  |  0
Зочин(192.82.68.2) 2023 оны 05 сарын 11

Ёстой ”үүнийг гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг #гайхамшиг гэх юм бэ...”...гэж

4  |  0
г(202.179.25.172) 2023 оны 05 сарын 11

Ураг гулгалтын дэлхийн хүчирхэг одод Монголд ирсэн нь гайхамшигтай

5  |  0
Т(192.82.88.151) 2023 оны 05 сарын 11

Тв.р гарчих лдаа.үзмээр б.аа

4  |  0
Top