БТСУХ, ОХУ-ын уран гулгалтын холбооноос Оросын шилдэг тамирчдын шоу тоглолтыг Монголд хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тоглолтод оролцох Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга, медальт олон тамирчин багтсаны дотор Арсений Федотов байлаа. 13 настай энэ хүү өнөө цагийн Оросын хамгийн шилдэг өсвөрийн тамирчин.
Алдарт Этери Тутберидзе дасгалжуулагчийн ганцаарчилсан эрэгтэй төрлийн ирээдүй болсон шавь нь. "Чингис хаан" нисэх буудалд буусан цагаасаа эхлэн, багийнхаа тусгай хамгаалалтад орсон хөвгүүн. Учир нь тун хөдөлгөөнтэй тул алга болчих гээд, байнга хянаж байхгүй бол болдоггүй.
Багийнхныгаа амарч байхад нь шөнө зочид буудлынхаа ресторанд бялуу идээд зогсож байсан гэж байгаа. Нэг харахад, Сүхбаатарын талбай, дахин харахад Улсын Их дэлгүүрт явж байсан нөхөр.
Харамсалтай нь, Арсений тоглолтын өмнөх өдрийн бэлтгэл дээр гэмтэл аваад шоунд оролцож чадсангүй. Уг нь 13 настай адтай хөвгүүний уран тоглолт монгол үзэгчдийг татах нь ойлгомжтой байлаа. Гэхдээ дараа хэзээ нэгэн цагт, магадгүй олимп, дэлхийд түрүүлсэн хойноо манай Мөсөн Өргөөнд зочлон, ур чадвараа гайхуулах биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )