Түгжрэл бууруулахад шаардлагатай 187 тэрбумын санхүүжилтийг шийднэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

 

 

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч одоо хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилго тавиад буй юм. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзлээ.

 

  • Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн.

 

  • Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тонн нүүрс борлуулсан.

 

  • Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт долоон удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг 53.9 сая ам.доллараар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.

 

  • Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.

 

  • Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн

 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

 

  • Төлбөрийг нүүрсээр төлдөг гэрээний тоог бууруулсан

 

  • Уулын ажлын гүйцэтгэх зардлыг бууруулсан

 

  • Компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн

 

  •  Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг Засгийн газрын тогтоолоор ил болгосон

 

  • Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримталж байна

 
Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна

 

 

Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна.

Тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгалаа.
Төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

 

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

 

 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16,45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4,36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ. Он дамжин хэрэгжиж буй үлдсэн долоон байршилд барих 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг барьж дуусгах, эдгээр ажилд 187 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэн хүртэл голын сав газрын далан, түшиц ханыг барьж байгуулан урсацыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулж гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах, гол дээрх гүүрэн байгууламжууд нь нэг стандартын дагуу баригдах зэрэг олон давуу талтай.

Тус төсөл нь судалгааны шатандаа байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийг чиглэлийг үүсгэнэ. Үүний үр дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж үзэж байна.

 

Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулав

 

 

Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын  хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-д нэгтгэлээ.

Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.

13А маягтыг цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй дөрвөн төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой боллоо.

13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.

13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлжээ.

Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх баримт бичиг болон түүнийг ямар үндэслэлээр, хэн, ямар журмаар хэрхэн хийх, улсын бүртгэлийн мэдээллийн санд хэрхэн оруулах, сангаас лавлагаа авах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхой болгох саналыг төсөлд тусгалаа.

Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төрөөс хараат бус байх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг боловсронгуй болгох, татан буугдсан намын эд хөрөнгийг шийдвэрлэх болон санал, дүгнэлтийн төсөлд дурдсан бусад асуудлаар хуулийн төслийг сайжруулах талаарх саналыг өглөө.    

 

Товч мэдээ

 

  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.

 

  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Доминиканы Бүгд Найрамдах Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(122.201.24.72) 2023 оны 04 сарын 12

Энэ мөнгийг хулгайчуудаасаа хураа энэ байтугай их мөнгө шуналтай хулгайч нараас гарна

0  |  0
Top