Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр /2023.04.24/ засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийж байна.
Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцож байна.
Улаанбаатар хот есөн дүүрэг, 204 хороотой. Энэхүү 204 хороо нь нийслэлчүүдэд төрийн анхан шатны буюу суурь үйлчилгээг үзүүлж, төр иргэний гүүр болж ажилладаг. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал болон төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж болох “Хороо” болон хороодын Засаг дарга нарын үйл ажиллагаанаас шууд хамаардаг онцлогтой.
Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгов.
СХД-ийн 2-р хорооны Засаг дарга Б.Гантуяа:
- Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна. Анхнаасаа дэд бүтцийг нь дутуу шийдсэн юм билээ. Үүнд анхаарч өгмөөр байна. Ер нь гэр хороололд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт их байдаг. Мөн бүртгэлийн системийн буруугаас болоод 700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна.
Сэтгэгдэл ( 2 )
үнэхээр анхан шат ёстой хэцүү харагдах юм билээ голцуу улны айлууд архидалт ихтэй
Za ene ch de. MAn-ii gishuun, idebxten xeden xoroonii darga nariig tsugluulj AN-iig muulax ajil xiigdej bna. Xurelsukh, Oyuk 2 setgeliin xuurluur uls udirdax geed ur dund xurexgui ban daa. Xarin abilgaltai temtsex ajliig chin demjij bgaa.