”Монгол Улсад зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас нэг жил завсарласан тухай төсөл гүйцэтгэгч нар энэ үеэр салбарын сайдад хэлсэн байна. Иймд уг ажлыг эрчимжүүлэх, төр, орон нутаг, гүйцэтгэгч байгууллагын уялдаа холбоог хангаж, ажлыг саадгүй урагшлуулахад салбар яам анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Төслийн хүрээнд Алтанбулаг хилийн боомтын хувьд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, зургаан мянган м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, долоон мянган м.кв авто зогсоол, 30 мянган м.кв зам талбай барих мөн хяналтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэх аж.
Алтанбулаг боомт нь өнөөдрийн байдлаар өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрдэг бол энэхүү хэрэгжүүлж буй “Боомтын шинэчлэл” хийгдсэний дараа Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна.
Ташрамд дуулгахад өнгөрсөн сарын 27-нд Төрийн ордонд болсон Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ““Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 30 тэрбум ам.долларт хүргэхээр тусгасан. Үүний тулд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3.5 мянган км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барихаар ажиллаж байна” хэмээн тодотгосон билээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )