Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдаас нэмж 12 гомдол ирсэн

2023 оны 05 сарын 03

Эдийн засаг, хөгжлийн яам гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг бөгөөд энэ дагуу Засгийн газарт асуудлыг танилцуулсан талаарх мэдээллийг тус яамны сайд Ч.Хүрэлбаатар өглөө.


Тэрээр" Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа гомдлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулдаг журамтай болсон.

Өмнө нь хэвлэлийн хурлаар танилцуулж байхад нийтдээ 32 гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргасныг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнээс хоёр асуудал Засгийн газрын хуралдаан дээр бүрэн шийдэгдсэн.

Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлыг Эрчим хүчний сайд гомдол гаргагч талуудыг оролцуулсан ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа гэдэг мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр өгч байна. Үлдсэн гомдлууд дандаа хууль, хяналтын байгууллагууд дээр шилжүүлэгдсэн зүйл байгааг танилцуулсан.

Үүн дээр нэмээд 12 гомдол ирсэн. Үүнээс тавыг нь Засгийн газрын хуралдаанд оруулж, тогтоол гаргаж байна. Үлдсэн нь Засгийн газрын түвшинд тогтоол гаргахгүйгээр яриад шийдчих боломжтой асуудлууд байсан” гэлээ.

Түүнчлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байгааг асуусан сэтгүүлчдийн асуултад "2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляцтай холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар гэхэд өчигдөр энэ талаар хэлэлцсэн. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлэхгүй барих нь эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мэдээж, иргэдэд ч хүндрэл, бэрхшээл дагуулна" гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top