Үндсэн хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2023 оны 05 сарын 09

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа, УИХ тавдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахалж, гишүүдээр Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэгт,  уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргааны нутаг дэвсгэрийн хариуцан зохион байгуулж ажиллахыг холбогдох Засаг дарга нарт үүрэг болгохоор тусгажээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top