Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан байдаг. Ард түмэн энэхүү эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна. Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль, тогтворгүй засаглал, аливаа асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, бодит үнэнээс зугтаж ирсэн улс төрийн соёл зэрэг нь төлөөлдөггүй төлөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлж, сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал хүчин зүйлс ч улс орнуудын тэрдундаа хөгжиж буй улс орнуудын засаглал, хөгжлийн чиг хандлага, аюулгүй байдалд томоохон сорилтыг учруулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг товч дурдъя.
1. ГЕОПОЛИТЕКИЙН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ ОЛОН ТУЙЛТ ДЭЛХИЙ
Эх дэлхийн нөөц хомсдож, хүн төрөлхтөнд хүнсний хомсдол, байгаль цаг уурын дулаарал, цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн олон сорилт тулгарсаар байна. Судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүйг онцолж байна. Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий боллоо. Дэлхий дахин зэрэгцсэн өөр өөр үнэт зүйл, хүчний харьцаанд хуваагдаж, олон туйлт шинэ дэг журам үйлчлэх сорилттой нүүр тулж байна. Геополитикийн энэхүү нөхцөл байдал багадаа 10-15 жил, цаашлаад 50 болон түүнээс жил үргэлжлэх төлөвтэй байна. Далайн шуурга дэгдэхэд далай, хад хоёр мөргөлдөж байна гэж харагддаг боловч шуурга намдахад аль аль нь хэвээр байдаг. Харин далайн амьтад л хад мөргөж эрсэдсэн байдаг. Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд хөгжиж буй улс орнууд л хамгийн их хохирол амсдаг хэмээн хэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн үгийг бид сайтар тунгаах учиртай.
Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн Та биднээс ихээхэн ур ухаан, улс төрийн манлайлал шаардаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна.
2. НУТАГ ДЭВСГЭРИЙН БОЛОН НИЙГМИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ТЭГШ ХАНГАХ
1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлджээ. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ.
Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна. Улсын Их Хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа. Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ.
3. ЭДИЙН ЗАСГИЙН ҮСРЭЛТ
Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны бодолтоор хөгжлийн бодлого, загвараа урт хугацаанд тодорхойлж байна. Бид шатрын их мастеруудтай, пеонер мадын нүүдлээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой. Тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биеээ хуурсаар 30 жилийг үдлээ.
Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км зам баригдсан боловч, дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар зам бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм. Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй. Өнөөдөр миний бие өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна.
Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн үзэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрч, экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрлээ. Улс орнуудын эрчимтэй хөгжлийн гараа нь нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрснээр эхэлж, иргэдийн амьдралын чанар бодитоор сайжирч, ардчиллын үнэт зүйл жинхэнэ утгаар бэхждэгийг “Азийн бар” улсууд болон бусад хөгжсөн улс орнуудын түүх нотолдог. Энэ өөрчлөлт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. Энэхүү төслийг боловсруулахдаа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцөл, судлаач эрдэмтдийн олон жилийн зөвлөмжид нийцүүлж, түүхэн цаг хугацааны өмнө эс үйлдэл хийхийг хүсээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эрх гагцхүү Улсын Их Хуралд байгаа тул түмнээ төлөөлсөн төрийн эрхэм түшээд Та бүхний ирээдүйг харсан мэргэн ухаанд найдаж байна.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Оюун -Эрдэнэ eрөнхий сайдын үйл ажиллагааг бол дэмждэг Eр нь ард иргэдийн үгүйлээд байгаа шаардаад байгаа шударга ёс тогтоох чиглэлээр шинэлэг байдлаар сайн ажиллаж зөв байгаа Харин Гишүүдийн тоог нэмэх санаачлагыг нь дэмжихгүй ээ 152 гэсэн квотыг дүүргэх бөглөөснүүд л гарч ирж лай нэмнэ Өрөвдөлтэй юм болно шүү
Тэр худлаа ,жаахан хүүхэд хуурч байгаа бишдээ,иргэдииг төлөөлж харагдаач,
.Aliin bolgon aimag sumdad ochij heden pecheni ,guril,budaa,arhi ,mungu ugch argatsaah be dee.! Delhi dahini hugjiluus hotsorson ,hamag bayalgaa hujaa ruu zuusun heden chenj,ninjagin sistemeer hol yabahguig ungursun 32,33 jild hairan buhnee ugui hiij duusah duhuud bailaa...Utaat Mongol uurchilguhuu esbel ene chigtee uldehuu gesen uedee ireed bn shuu .Odoo zaluusaa demjij tushij uragshilah tsag irseen
Качкар арил
Луйварчид 2 дахин олширч, ядуурал 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.