Ялалтын баярын парад 15:00 цагаас эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Энэ жил Ялалтын баярын жагсаал Москва хотын төв Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 /Улаанбаатарын цагаар 15.00/ цагт эхэлнэ.

Арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бараг бүх орны тэргүүн нар оролцоно. Казахстан, Киргиз, Беларусын Ерөнхийлөгч нар, Армены Ерөнхий сайд нар Москвад хүрэлцэн ирсэн тухай ТАСС мэдээлжээ. Мөн Узбек, Тажикстаны төрийн тэргүүн нар оролцох аж. Өнгөрсөн оны Ялалтын баярт гаднын төрийн тэргүүн нар оролцож байгаагүй бол 2005 онд 38 орны тэргүүн нар оролцож байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлж байснаар, энэ жил тэгш ой тохиогоогүй тул дэлхийн удирдагч нарт тусгай уриалга илгээгээгүй байна.

Ялалтын парадад дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарыг урьдаг уламжлал 1995 онд Ялалтын 50 жилийн ойгоор тогтжээ. Хамгийн олон тооны төрийн тэргүүн нар оролцсон нь 2005 он. Тухайн үед Австрали, Герман, Грек, Дани, Израил, Испани, Итали, Канад, БНХАУ, Латви, Польш, АНУ, Украин, БНСУ зэрэг нийт 38 орны төр, засгийн тэргүүн нар Москвад хүрэлцэн ирж, баярын арга хэмжээнд оролцож байв.

Баярын жагсаал

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Улаан талбайд долон мянган хүн багтаах индэр засжээ. Улаан талбайг дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 9-ий өдрийг дуустал хаагаад байна.

Цэргийн парад уламжлал ёсоор “Ариун дайн” дууны ая дор хүндэт харуул Оросын төрийн далбаа, Ялалтын тугийг хүндэтгэлтэйгээр залснаар эхэлнэ.

Парадыг Хуурай цэргийн ерөнхий командлагч удирдаж, Батлан хамгаалахын сайд хүлээн авна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр, Улаан талбайд болох цэргийн парадад 10 мянга гаруй алба хаагч, 125 нэгж техник оролцоно. Жагсаалд ОХУ-ын Зэвсэгт хүчний 40 цэргийн найрал хөгжим оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин үг хэлнэ.

Энэ жилийн цэргийн парадад Украинд тусгай цэргийн ажиллагаанд оролцож буй цэргүүд дайчлагджээ. Цэргийн парадын механикжсан цувааг уламжлал ёсоор Т-34 танк нээх ба "Тигр-М", БТР-82А, "Бумеранг" хуягт машинууд, “Искандер-М” пуужингийн комплекс, зенит пуужингийн С-400 "Триумф" систем оролцоно. Парадын үеэр “Спартак ”, “Ахмат” зэрэг шинэ техникийг танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top