ЭМГЭНЭЛ I Чимэддоржийн Жавхлантөгс

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч болсон Монголын анхны дөрвөн шүүгчийн нэг, Монголын урдаа барьдаг чадвартай, туршлагатай шүүгчдийн нэг Чимэддоржийн Жавхлантөгс зуурдаар таалал төгсөж, Монголын хөлбөмбөгт том гарз тохиолоо.

Жавхлантөгс нь 1986 оны 12-р сарын 29-нд Увс аймгийн Өмнөговь сумын Намир хотод Чимэддоржийн отгон хүү болон мэндэлсэн. Чингэлтэй дүүргийн 5-р сургуульд 1995 онд элсэн орж 1-3-р ангид суралцаж 3-р ангиасаа Сүхбаатар дүүргийн 31-р сургуулцаж төгссөн. 2008 оноос Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчийн ажлыг хийж 2012 онд Монгол улсаас төрөн гарсан анхны Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны туслах шүүгч /FIFA Assistant referee/ болж Монголын хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн нэрийг тодоор сийлэн үлдээсэн.

2016 оны 11-р сард Хонг Конгд болсон Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний хоёрдугаар шатанд Монгол шүүгчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахад Ч.Жавхлантөгс туслах шүүгчээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн хойд болон урд хөршид болсон олон тэмцээнүүд дээр ахлах шүүгчийн хувиар ажиллаж, Монгол шүүгчдийн нэр төрийг өндөрт өргөж явсан удаатай.

Шийдэмгий хийгээд шударга, зоригтой бөгөөд оновчтой шийдвэр гаргадаг чадвар нь түүнийг талбайн шүүгчээр ажиллахад хүргэсэн бөгөөд үндэсний дээд лигийн олон тоглолтыг ахлах шүүгчийн хувиар удирдан явуулж байв.

Шүүлтийн ур чадвар, хүнлэг зан чанараараа хамт олон, хөлбөмбөгийн хүрээлэнд өндрөөр үнэлэгддэг байсан Ч.Жавхлантөгс 2015 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шилдэг шүүгч, 2016 оны “Алтанбөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг шүүгч”-ийн шагналыг хүртэж, олон арван тэмцээний медалийн төлөөх, аваргын хувь заяаг шийдэх чухал тоглолтуудыг үнэн шударгаар дэнсэлж байсан билээ.

Талбай дээр хатуу зарчимч байж, хөлбөмбөгийн дүрмийг чин шударгаар хэрэгжүүлж, хамт олныхоо дунд хөгжилтэй, тусч, шударга байдлаараа хүндлэгддэг байсан нь бидний зүрх сэтгэлд үүр тод үлдэх болно.

Бурханы орны хөлбөмбөгт өөрийн эрс шийдэмгий, шударга шүүлтийг үзүүлж, амар амгалан тайван нойрсох болтугай.

Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top